Ирэх онд хүүхдийн гурван эмнэлэг барина

НИТХ-ын 12 дугаар сарын 04-ний өдөр хуралдсан ээлжит хуралдаанаар нийслэл хотын ирэх оны төсвийг хэлэлцэн баталжээ. Хэдийгээр нийслэл хот өөрийн төсвөөсөө эмнэлэг барьж байгуулах чиг үүрэг хүлээдэггүй ч улс орны эдийн засгийн хомс тачир байдал, хүүхдүүдийн өвчлөл өндөр, эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаа бэрхшээлийг давах үүднээс Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт хүүхдийн эмнэлэг барихаар төсөвт суулгажээ.
Нийслэл хот2015 оны орон нутгийн төсөвтөө 540.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 320.9 тэрбум төгрөгийн урсгал зардлыг санхүүжүүлж, 180.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвт тусгасан байна. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр нь ангилбал 424 тэрбум төгрөг буюу 78.4 хувийг хотын шууд төсөвт, 21.6 хувь буюу 116.8 тэрбум төгрөгийг дүүргүүдийн төсөвттөвлөрүүлэхээр байгаа ажээ. Хотын төсвийн 80 хувийг татвараас бүрдүүлдэг. Татварын орлого дотроо Хүн амын орлогын албан татвар ихэнх хувийг бүрдүүлэх бол үлдсэн хэсгийг газар, ой мод, ус ашигласны хураамж, төлбөр, автомашин өөрөө явагч хэрэгслийн албан татвар, зам ашигласны төлбөр зэргээс бүрдүүлдэг байна.
Ирэх онд нийслэлийн төсөв бүхэлдээ нийслэлчүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдэх, тэр дундаа хүүхэд багачуудыг сургууль, цэцэрлэгтэй байлгахын дээр хэвтэн эмчлүүлэх эмнэлэгтэй болгоход хөрөнгө оруулалтын бодлогоо чиглүүлсэн гэдгийг хотын сан хөмрөг хариуцсан Н.Батаа дарга онцолж байлаа. Нийт хөрөнгө оруулалтын 1/3 нь л зам харгуй, инженерийн шугам сүлжээг сайжруулах, өргөтгөхөд чиглэгдэх бол үлдэж буй 120 тэрбум төгрөгийг хүүхэд багачуудын тусын тулд зориулна гэдгийг тэрбээр тодотгов. Тухайлбал 2015 онд хүүхдийн эмнэлэг гурвыг барихаар төлөвлөсөн байна.
2014 онд 88 сургууль, цэцэрлэгийн өргөтгөл шинэчлэлийн ажил эхэлсэн. Эдгээрээс нэг сургууль, хоёр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 19 цэцэрлэг ирэх онд ашиглалтад орох юм. 2015 оны төсвөөс шинээр зургаан цэцэрлэг барьж, гурван цэцэрлэгт өргөтгөл хийх бол хоёр сургууль шинээр барьж, нэг сургуулийг өргөтгөн шинэчлэх юм байна. Концессийн гэрээний дагуу 12 сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн гэнэ. Энэ бүхэн ажил хэрэг болсон тохиолдолд нийслэлийн багачуудад шаардлагатай сургууль цэцэрлэгийг барьж дуусгах боломжтой гэж үзэж буй ажээ.
Ийнхүү нийслэл хот өөрийн төсвөө дээрх бүтээн байгуулалтын ажилд зориулахаар төлөвлөжээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ