Бид элэгний эмээ хүлээсээр, элгэн саднаа алдсаар

Манай улсын хүн амын дунд элэгний вирусийн гаралтай өвчлөл багагүй хувийг эзэлдэг. Бараг айл бүрт ямар нэг хэмжээгээр элэгний асуудалтай хүн бий гэчихэд хилсдэхгүй болов уу. Уг өвчнөөр жилд 2400-2700 хүн нас бардаг гэсэн судалгаа ч бий. Энэ нь манай хүн амын нийт нас баралтын хоёрдугаарт орж байгаа бол элэгний вирусийн халдараар өвчилсөн хүний тоогоороо дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, монголчуудын 15 хувь нь элэгний “С” вирустэй гэж оношлогдсон байна. Тиймээс уг вирустэй тэмцэх нь өнөөдөр бидэнд зайлшгүй тулгамдаж байгаа гол асуудлуудын нэг юм.
Уг өвчлөлийн гол шалтгааныг 1996 оны 07 дугаар сар хүртэл буцалгасан тариур хэрэглэж байсан, мөн 1997 он хүртэл Цус судлалын үндэсний төвд С вирус оношлодог тест байхгүй байсан зэрэгтэй холбон тайлбарладаг. Тухайн үед халдвар авсан хүмүүс өдгөө 50,60 настай болсон бөгөөд тэд элэгний хавдартай хүмүүсийн тоонд орсон байгаа юм. 2011 онд анх С, В вирусийг тоолдог, илрүүлдэг аппараттай болсон. 2000 оны эхэн үеэс С вирусийн эсрэг эмийн судалгаа хурдацтай хөгжсөн бөгөөд 2010 оноос шинэ эмүүд эмчилгээнд нэвтрээд байгаа. Гэсэн хэдий ч бүрэн анагаах чадвартай эм, бэлдмэл, эмчилгээ төдийлөн хангалттай бус байсаар байна.
Манайхан С вирусийг олон жилийн турш интерфероны аргаар эмчилдэг байсныг илүү сайжруулан пег-интерферон + Рибавирин эмчилгээг хийдэг болсон. Мөн Босепребин, Телапревин гээд эм үйлдвэрлэгдсэн нь зах зээлд нэвтрээд удаагүй. Гэхдээ эдгээр эмчилгээ тийм ч үр дүнтэй биш гэсэн. Тиймээс бид өнөөдрийг хүртэл олон мянган хүнээ өөрсдийн дундаасаа алдсаар л байна.
Харин сүүлийн үед техник, технологи хурдацтай хөгжихийн хэрээр анагаах ухаанд ч ахиц дэвшил гарч элэгний С вирусийг эмчилдэг маш олон төрлийн эм зах зээлд нэвтрэхээр хүлээгдэж байгаа юм. Эдгээрийн нэг болох АНУ-ын эрдэмтний бүтээсэн Софосбувер гэдэг эм бий. Үүнийг анх Эрүүл мэнд, спортын дэд сайд Ж.Амарсанаа эх орондоо нэвтрүүлэхээр санаачлан, төсөл хөтөлбөр боловсруулж, УИХ-аар олон удаа хэлэлцүүлж байсан ч өнөөдрийг хүртэл ямар ч шийдэлд хүрч чадаагүй.
Энэ талаар манай ард түмэн хангалттай мэдээлэл авсан. Тэр ч утгаараа энэ эмийг хэрэглэж, эдгэхийг тэсэн ядан хүлээсэн монголчуудын горьдлого тасраагүй л байна. Энэ хүлээлт 2013 оноос эхэлсэн бөгөөд бүтэн нэг жилийн хугацаанд элдэв зүйлээр шалтаглан, ердөө нэр төртэй холбоотойгоор маргаан дагуулж ирсэн төдий байлаа. Харин засаг шинэчлэгдсэнтэй холбоотойгоор дэд сайд Ж.Амарсанаа “Монгол улсад элэгний С вирусийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслөө Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад өргөн бариад байна.
Одоо гагцхүү энэ төслийг хэлэлцэх эсэхийг харж, цаашлаад хэлэлцүүлэг хэрхэн өрнөж, ямар үр дүнд хүрэхийг харах л үлдээд байна. Эндээс монголчуудын эрүүл мэндийн ирээдүй шийдэгдэнэ гэж хэлэхэд хэтэрсэн болохгүй буй за. Нийт Монгол иргэдийн 15 хувь нь элэгний өвчлөлтэй гэдэг нь бага үзүүлэлт биш. Бид энэ тоогоороо дэлхийд нэгдүгээрт жагсаж байна гэдэг бахархал биш ээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ