Баталгаагүй салютын бичигдээгүй занал

Шинэ жилийн баярыг гялтганасан чимэглэл, анивчсан гэрэл, гялалзсан саа, цацарсан салютгүйгээр төсөөлөх аргагүй юм. Гэвч эдгээрээс салют нь сүүлийн жилүүдэд нэлээд аймшигт осол дагуулж эхэлсэн учир хэрэглээг хориглох болсон.

НИТХ-ын 2011 оны 27 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагуудын байр, соёл, боловсрол, эрүүл мэндийн байгууллага, гэр хороолол, нийтийн эзэмшлийн орон сууц, түүний ойр орчинд, барилгын зоорийн давхар, задгай талбай, худалдааны төв, хүнс, барааны зах, болон гар дээрээс пиротехникийн хэрэгслийг худалдахгүй, ашиглахгүй байх” –аар зохицуулж өгчээ.

Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоолоор Пиротехникийн хэрэгслийг импортлох, ашиглах дүрмийг баталсан байдаг. Энэ журмын хоёрт пиротехникийн хэрэгслийг аюул учруулах зайгаар нь ангилж өгсөн байна. Тухайлбал, 20 метрээс их зайд аюул учруулах хүчин чадалтай бол үзвэрийн, харин түүнээс бага зайд аюул учруулахаар бол хэрэглээний ангилалд хамруулахаар заасан байна.

Иргэд пиротехникийн хэрэгсэл буюу салют, динамит зэрэг тэсэрч дэлбэрэх зүйлсийг заавар зөвлөмжийн дагуу хэрэглээгүйгээс болж хөл, гараа түлж, гэмтээгсэд гэмтлийн эмнэлэгт олноор хүргэгдэх болсон. Ялангуяа 2010-2011 онд ийм тохиолдол олон тоогоор гарсан билээ. Тиймээс зөрчлийг дахин гаргахгүйн тулд жил бүр томоохон зах, хүнсний дэлгүүр, гудамж, талбайд худалдаалж буй пиротехникийн хэрэгсэлд шалгалт хийж байгаа.

Энэ жилийн хувьд Гаалийн ерөнхий газраас 12 дугаар сарын эхнээс "Салют" сэдэвт нэг сарын аяныг эхлүүлжээ. Тэд энэхүү аяны хүрээнд хил гаалиар хууль бусаар оруулж ирж байгаа дээрх төрлийн хэрэгслийг илрүүлэхээр ажиллаж байна.

Манай улсад пиротехникийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрөлтэй хоёр л аж ахуйн нэгж байдаг юм байна. Тэд худалдсан бүтээгдэхүүнээ мэргэжлийн операторчноор буудлага хийлгэх журамтай гэнэ. Манайхан бэлэнчлэх сэтгэлгээтэй улс. Гэтэл бидний өмнөөс бүгдийг хийж өгөх ийм үйлчилгээ байсаар атал чухам яагаад үүнийг сонгодоггүй нь сонин. Энэ нь мэдээж бас л эдийн засагтай холбоотой байж таарна. Тиймээс хямд өртөгтэйг сонгох ганц замаар иргэд цуварч, амнаас ам дамжин нууцаар зарагдах эрсдэлийг өөртөө авчирдаг. Дээрх тусгай зөвшөөрлийг ОБЕГ-аас олгодог бөгөөд манай улсад хоёрхон компани байдаг нь чамлалттай төдийгүй иргэд чанаргүй бараа бүтээгдэхүүнд тэмүүлэх нэг хүчин зүйл нь болж байгаа юм.

Энэ жил, өнөөдрийн байдлаар салют, динамит, бенгалын гал зэргээс үүдэлтэй бэртэл гэмтэл сонсогдоогүй байгаа ч бид ниргэсэн хойно нь хашгирах зангаасаа салах хэрэгтэй гэдгийг олон үйлдэл харуулсаар ирсэн. Аюул дагуулсан салютын олонх нь "Нарантуул", "Хархорин" захад задгайгаар буюу үүргийн наймааны хэлбэрээр орж ирсэн салют байсныг шалгалтынхан сануулсаар байна. Тэр тусмаа бага насны хүүхдээр аль болох бариулж буудуулахгүй байхыг онцгойлон анхааруулдаг.

Гэтэл динамитыг энд тэндхийн дэлгүүрүүд жил бүр худалдсаар байгаа. Энэ динамитыг ихэвчлэн ЕБС-ийн эрэгтэй хүүхдүүд худалдан авч, хаа сайгүй тэсэлж, дэлбэлж тоглосоор байна. Түүний дуу, чимээнээс болж дэргэдүүр нь өнгөрөх зүрх судасны өвчтэй, даралт ихтэй болон жирэмсэн эмэгтэйчүүдэд ямар ноцтой цочрол өгөхийг таашгүй. Тиймээс эцэг эхчүүд төдийгүй, багш сурган хүмүүжүүлэгчээр зогсохгүй гудамжинд явж байгаа хүн бүр динамитаар тоглож байгаа хүүхдүүдэд шаардлага тавьж байх хэрэгтэй юм.

Энд сэрэмжлүүлэг болгох үүднээс өнгөрсөн хугацаанд гарсан осол, гэмтлээс товч дурдъя. СХД-ийн иргэн Ц 2010 онд "Хархорин" захаас 8000 төгрөгийн үнэтэй хар өнгийн салют худалдан авч буудуулах үед дэлбэрснээс болж хоёр гараа шуугаар нь тайруулж байв. Мөн найман хүн хуруугаа тайруулсан бол нүүр, гараа түлсэн цөөнгүй хүн эмнэлэгт хүргэгдэж байжээ. Тэр ч бүү хэл, 2012 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд уурхайчид цасны баяр тэмдэглэж байгаад хоёр салют буудуулахад нэг нь дэлбэрч 20 гаруй насны залуугийн тархи нь задарч нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Энэ мэтчилэн хэдхэн минутын зугаа цэнгэлээс болж наанадаж, урд зүг рүү хамаг хөрөнгө мөнгөө урсгахгүй байх, цаанадаж насан туршдаа харамсах зүйл хийхгүйн тулд хувь хүн бүр өөрсдийнхөө болон гэр бүл, анд найзуудынхаа төлөө эрсдэлтэй алхам хийхгүй байхыг анхаарах хэрэгтэй байна. Бид өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх бус айсуй аюулын өөдөөс сөрж зогсох ухаантай ард түмэн.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ