“Оюутны Эрүүл мэндийн төв” нээгдлээ

“Оюутны өргөө” цогцолборт өчигдөр “Оюутны Эрүүл мэндийн төв”-ийн нээлт боллоо. Нээлтэд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др.Сью, Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцлоо.

Тус төвийг байгуулахад ДЭМБ-аас 16 мянган ам.долларын санхүүжилт олгож, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангасан байна. Үүнд, халдварт болон, халдварт бус өвчнийг илрүүлэх лабораторийн тоног төхөөрөмжүүд болон үзлэгийн ор, тавилга, компьютерүүд багтаж байгаа аж.

Оюутны Эрүүл мэндийн төвөөр Улаанбаатар хотод суралцаж буй 140 мянган оюутан үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой. Түүнчлэн нийслэлд суралцаж байгаа оюутнуудын 70 гаруй хувь нь орон нутгаас ирдэг тул тэдгээр оюутнуудыг сургууль, харьяалал харгалзахгүйгээр үнэ төлбөргүй оношилж, эмчилгээ хийх юм байна.

Ийнхүү дөрвөн өрөөнөөс бүрдэх энэхүү төвд бүх төрлийн үзлэг оношилгоо хийж, АШУҮИС-ийн багш, оюутнууд заавар зөвлөгөө өгөх гэнэ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ