Тэврэлдсэн хос машиндаа угаартжээ

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух 20 настай эмэгтэй Б, Чингэлтэй дүүргийн 17-р хороонд оршин суух 22 настай эрэгтэй О нар нь “Верна аксент” маркийн автомашиндаа угаартсан байдалтай амь насаа алджээ. Тэднийг анх харсан хүн эхэндээ хосууд тэврэлдэн унтацгааж байна хэмээн боджээ. Тэрээр хэсэг хугацааны дараа эргэн ирээд харахад өнөөх хоёр хүн ямар ч хөдөлгөөнгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандсан байна. Тэд машиныхаа суудлыг хойш хэвтүүлээд тэврэлдэж хэвтсэн байдалтай амиа алдсан байлаа. Уг хэргийг БЗД-ийн цагдаагийн II хэлтэст шалгаж байна.

Ийнхүү хүйтний улирал ирж, идэр ес эхэлсэнтэй холбоотойгоор машиндаа угаартах хэргийн гаралтнэмэгддэг бөгөөд машинаа халаах гэж байгаад амь насаа алдах явдлаас сэрэмжлүүлэх үүднээс дараахь хэргүүдийг онцолж байна.

Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр ХААИС-ийн оюутан 20-24 насны гурван залуу машиндаа угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарч байсан.

Мөн тус дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 41 настай эрэгтэйхүн машинаа халааж байгаад амь насаа алдсан байдаг.

Өнгөрсөн онд СХД-ийн 20-р хороонд оршин суугч Д.Г нь дүү нарын хамт тавуулаа гараш дотроо машинаа засаад асааж шалгах зуураа шар айраг ууж байгаад унтсанаас болж угаартан бүгд амиа алдах дөхжээ. Тэднийг хөрш айлынх нь хүмүүс чирч гаргаснаар өнөөдөр эсэн мэнд үлдэж чадсан байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ