Он гармагц Тавантолгойн хэлэлцээрүүд хийгдэнэ

Олон засгийн өнгөн дээр дуншсан Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчдыг шалгаруулах ажил Ч.Сайханбилэгийн кабинет дээр эцсийн шатандаа дуусаж Монгол, Япон, Хятадын хамтарсан нээлттэй консерциум шалгараад байгаа.

Үүнтэй холбоотой олон ч коммент ар араасаа хөвөрсөөр байна. Засгийн газар шуурхай ажиллаж эхэллээ, удаан дуншсан Таван толгойн үүцийг одоо задлах тал руугаа орсон нь дээр гэх хүмүүс дийлэнх нь байгаа боловч хэдэн олигархийн хүсэл биелж эхэллээ гэх хүмүүс ч цөөнгүй.

Энэ асуудалтай холбоотойгоор Уул уурхайн сайд Р.Жигжидээс тодруулга авахад "Стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь бидний зорилт. Яаж оруулах вэ гэдэг нь тухайн ордын өөрийнх нь онцлогоос хамаарна. УИХ-ын тогтоол бий, түүний дагуу л гүйцэтгэнэ. Одоохондоо УИХ Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ мэтээр ээлж дараатайгаар УИХ-аар ордуудыг шийдүүлнэ" гэсэн юм.

Тавантолгойн ордын асуудлыг шийдэх ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулж ахлагчаар нь Монгол Улсын сайд М.Энхсайханыг томилжээ. Бүрэлдэхүүнд нь Сангийн сайд, Уул уурхайн сайд, Зам тээврийн сайд, Байгаль орчин, ногоон, хөгжил, аялал жуулчлалын сайд, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар багтаж байгаа аж. Мөн “Эрдэнэс тавантолгойн” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийн ахалсан дэд ажлын хэсэг гарчээ.

Шинэ он гармагц Хятад, Японы талуудтай хэлэлцээр хийх аж. Тэдэнтэй одоо л яаж ажиллах вэ гэдэг нарийн хэлэлцээрээ хийх гэнэ.

Үүнээс гадна шийдэх олон асуудлууд Тавантолгойн эргэн тойронд хүлээсээр л байна. Нөгөө л нэг улигт нүүрсээ ямар төмөр замаар тээвэрлэх вэ, Гашуун сухайт, Тавантолгойн хооронд байгуулах 260 км төмөр замыг яаралтай эхлүүлэх гэх мэт шийдэх олон асуудал байгаа юм.

М.Сонор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ