Шинзо Абэ Японы ерөнхий сайдаар дахин сонгогдлоо

Японы Либерал Ардчилсан намын дарга Шинзо Абэ Ерөнхий сайдаар дахин сонгогдлоо. Ийнхүү Шинзо Абэг Японы 97 дахь Ерөнхий сайдаар сонгосон байгаа бөгөөд ингэснээр гурав дахь удаагаа Японы Ерөнхий сайдаар улиран сонгогдож байгаа юм.

Энэ удаагийн санал хураалтаар доод танхимын нийт 470 гишүүний 328, дээд танхимын нийт 240 гишүүний 135 нь тус тус Шинзо Абэг дэмжжээ. Тэрбээр 2012 оны сонгуульд илт давуугаар ялалт байгуулж Японы эдийн засгийг сэргээх бодлого баримталж ажилласан байна. Энэ удаад ч эдийн засгийн шинэчлэлд чиглэсэн бодлого явуулж, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнгөрсөн арваннэгдүгээр сарын дундуур парламентыг тарааж, ээлжит бус сонгууль зохион байгуулахаар болсон тухай мэдэгдсэн юм. Тус улсын эдийн засаг хоёр улирал дараалан буурсан үзүүлэлттэй гарч, 2011 онд болсон Фукушимагийн гамшгаас хойших хамгийн том эдийн засгийн хямрал нүүрлэсэн нь ээлжит бус сонгууль зохион байгуулах гол шалтгаан болсон юм.

Уг шийдвэрийн дагуу энэ сарын 12-нд Японы парламентын доод танхимын сонгууль явагдаж энэхүү сонгуулиар Шинзо Абэгийн тэргүүлдэг Либерал-Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулж, Доод танхимын 475 суудлаас 325 нь авч чадсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ