Мэс заслын тусламж үйлчилгээг төрөөс санхүүжүүлэх болов

Хэлж ирдэггүй өвчний харгайгаар зовж шаналж яваа, эрүүл мэндийнхээ төлөө тэмцэж яваа олон иргэдэд нийтлэг нэг асуудал тулгардаг.

Тэр бол эмчилгээний төлбөр. Нэн ялангуяа өвчний улмаас мэс засал хийлгэх ёстой иргэдийн төлбөр өндөр өртөгтэй байдаг.

Тэгвэл ирэх оноос өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээг төрөөс санхүүжүүлэх болжээ. Тодруулбал Эрүүл мэнд, Хүн амын, хөгжил нийгмийн хамгааллын сайд нарын зөвшилцлийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангаас өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээг санхүүжүүлж тухайн мэс засалд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн тодорхой хэсгийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргахаар болсон байна.

ДЭМБ-ын судалгаанаас үзэхэд иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа өөрийн халааснаас нийт төлбөрийн 40 гаруй хувьтай тэнцэх мөнгийг төлдөг байна. Тиймээс иргэд, даатгуулагчдын халааснаас гаргаж байгаа төлбөрийг багасгах, санхүүгийн эрсдэлд орохоос хамгаалах үүднээс дээрх тушаалыг гаргасан байна.

Тушаал ёсоор ирэх оны эхний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх бөгөөд өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээнд зүрхний төрөлхийн болон олдмол гажгийн мэс засал, зүрхний ишемит өвчний үеийн мэс засал, артерийн судасны эмгэгүүдийн үеийн мэс засал, тархи мэдрэл, бүдүүн шулуун гэдэс, бөөр, чих, хамар, хоолой, гэмтэл, бэртэл, ерөнхий мэс засал багтаж байгаа аж.

Мөн хиймэл эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр болсон. Нийтдээ 11 бүлэг өвчин багтсан байна.

Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулиар баталснаар Эрүүл мэндийн даатгалын сангаас 13.4 тэрбум төгрөг энэ ажилд зарцуулахаар болжээ.

Түүнчлэн даатгуулагч тухайн сард өвчний учир эмчийн заалтаар оношилгоо, шинжилгээ хийлгэх бол эрүүл мэндийн даатгалын сангаас 55000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг байсан бол одоо 165000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой болж байна.

Ер нь Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн даатгуулагч есөн төрлийн тусламж үйлчилгээ авдаг аж. Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах үүрэгтэй. Тиймээс хуульд заасан үүргээ биелүүлж, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн л бол Эрүүл мэндийн даатгалын сангаас одоо 10 төрлийн тусламж үйлчилгээ авах эрхтэй болж байгаа гэсэн үг юм.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ