Булган аймгийн иргэд өргөх бичиг хүргүүллээ

“Алтан Дорнод Монгол” ХХК нь Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулах зорилгоор орон нутагт хүсэлтээ удаа дараа ирүүлжээ. Тус компанийн 3828 А лицензтэй талбай нь Төв аймгийн Заамар, Булган аймгийн Дашинчилэн сумын нутгийг хамардаг бөгөөд энэхүү тусгай зөвшөөрөл нь хууль бусаар сунгагдсан аж.

2011 оны зургаадугаар сарын 21-ний өдөр тухайн үеийн Ерөнхийсайд Сү. Батболд “Алтан Дорнод Монгол” компанид зориулсан Засгийн газрын тогтоол 186-р тогтоолыг гаргасан байна. Энэхүү тогтоол нь “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 21.1.5 дахь заалтыг зөрчсөн бөгөөд Сү.Батболдын гаргасан хууль зөрчсөн тогтоолыг үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрийн хэлстээс 2012 оны зургадугаар сарын 21-ний өдөр хууль 15 лицензийг хууль бусаар сунгаж өгсөн гэнэ.

Булган аймгийн иргэд Ерөнхийсайд асан Сү.Батболдыг 2012 оны УИХ-ын сонгуулийн сүүлийн долоо хоног буюу зургаан сарын 21-ний өдөр сонгуулийн сүүлийн долоо хоногт, олон нийтийн анхаарал сонгуулийн үйл ажиллагаанд хандсан үеийг ашиглаж 15 компанид тусгай зөвшөөрлийг нь сунгаж өгснийг маш ноцтой гэмт хэрэг гэж үзэж байгаа юм .

Булган аймгийн Дашинчилэн сумын иргэд тус компани болон албан тушаалтнуудтай холбоотой асуудлуудыг АТГ, цагдаа, Тагнуулын ерөний газар зэрэг хууль хяналтын байгууллагад удаа дараа хандаж шалгуулах хүсэлтээ өгсөн боловч хуулийн дагуу арга хэмжээ аваагүй байна. Иймд тус сумын иргэд хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж байгаа юм.

Булган аймгийн иргэд албан тушаалтнуудтай холбоотой гэмт хэргийг АТГ-т өргөдөл өгч шалгуулах хүсэлтээ хүргүүлсэн боловч хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэхгүй, удаашруулж, гэмт хэргийг нуун дарагдуулж байгаад бухимдалтай байна. Тухайлбал, 2012 онд Булган аймгийн спорт цогцолборын барилгын асуудлаар төсвийн мөнгийг 800 сая төгрөгөөр шамшигдуулсан хэргийг АТГ-т шалгуулсан боловч өнөөдрийг хүртэл тус хэргийг шийвдэрлээгүй. Мөн Хутаг-Өндөр сумын Уньтын рашааны газрын асуудлаар тухайн үеийнаймгийн Засаг дарга, сумын засаг дарга нарын авилга авсан гэмт хэргийг баримтжуулан АТГ-т хүргүүлсэн боловч хэргийг шийдвэрлэхгүй удаашруулж байгаа талаар мэдээллээ.

МАН, АН Засгийн газар хамтран байгуулж байгаа энэ үед “Урт нэртэй хууль”-д өөрчлөлт оруулж магадгүй учраас хөдөөгийн иргэд байгаль орчин, малын бэлчээр усаа хамгаалж үлдэхийн тулд хууль зөрчиж албан тушаалаа урвуулан ашигласан Ерөнхий сайд Сү.Батболд, “Алтан Дорнод Монгол “ХХК-ийг дахин шүүхэд өгч, бүх хууль хяналтын байгууллагад хандах болсон байна. Мөн АТГ-т дахин гомдол гаргаж,Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид “урт нэртэй хууль”-ийг УИХ-аар хэлэлцэх үед анхаарлаа хандуулж, энгийн малчин иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж өгөхийг хүсэн дахин өргөх бичиг хүргүүлж байгаа юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ