Ерөнхийлөгч түрүү бөхөд цагаа дурсгана

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдөр жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдөр тохиодог билээ. Энэ жилийн хувьд 103 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас олон арга хэмжээнүүдийн зохион байгуулж байна.

Тухайлбал, 12 дугаар сарын 29-нд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатар “Монгол бөхийн өргөөнд Их эзэн Чингис хааны өдөр буюу Монгол бахархлын өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтонолоо сэргээн мандуулсны ойгоор 128 бөх барилддаг болсон. 12 дугаар сарын 29-нд 2014 оны хамгийн өндөр чансаатай 128 бөх барилдана. Өөрөөр хэлбэл, монгол үндэсний бөхийн энэ оны хамгийн шилдэг бөхчүүд хүч чадал, авхаалж самбаагаа сорих юм” хэмээн мэдээлэв.

Мөн түрүүлсэн бөхөд шагнал гардуулах талаар “Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж түрүүлсэн бөхөд цом гардуулдаг уламжлалтай бөгөөд мөн өөрийн зүүж буй цагаа дурсгана. Шөвгөрсөн 16 бөхөд бас бугуйн цаг дурсгах юм. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ой бол монгол хүний монголоо гэх сэтгэлийг сэрээж, эрх чөлөө, тусгаар тогтнолын утга учрыг сануулдаг жинхэнэ монгол баяр, монгол шинэ жил билээ” гэсэн юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ