Өвлийн өвгөн ба Санта Клаусын тухай баримтууд

Шинэ жилийн баярыг өвлийн өвгөн, цасан охин, чимэглэсэн гацуур, бэлэггүйгээр төсөөлөшгүй билээ. Хүүхэд бүр өвлийн өвгөн байдаг төдийгүй тэдний мөрөөдлийг биелүүлдэг гэдэгт итгэж хүслээ шивнэдэг. Тэгвэл хүүхдийн хүслийг биелүүлэгч тэрхүү шидэт өвөөгийн тухай сонирхолтой баримтуудаас толилуулъя.

Дэлхийн ихэнх улс үндэстнүүдэд Санта Клаус бэлэг тараадаг. ХаринОрос орны өвлийн өвгөн арай өөр гэдгийг бид мэднэ. Тиймээс энэ хоёр өвөөгийн төсөөтэй ба ялгаатай талуудыг хамтдаа сонирхоцгооё.

Тэд хоёулаа үлгэрийн баатрууд

Өвлийн өвгөн нь славяны үлгэр домгийн баатар юм. Эрт дээр үед өвлийн догшин жаврыг Морозко хэмээх хүчирхэг, шидэт өвгөний дүрээр гаргадаг байжээ. Энэ нь сүүлдээ Өвлийн өвгөн болж хувирсан байна. Англи хэлтнүүд үүнийг үгчлэн орчуулж "Father Frost" гэж нэрлэдэг нь өөрсдийн Санта Клаусаас ялгаж байгаа хэрэг юм.

Санта Клаус бол католик шашны Зул сарын баярын үеэр хүүхдүүдэд бэлэг өгдөг мөн л шидтэн, үлгэрийн баатар билээ. Түүний эх дүр нь олонд шүтэгдсэн Мирликийн Николай хэмээх гэгээнтэн байсан гэдэг. Санта Клаус гэдэг үгийн гаргалгааг сонирхвол, Санта нь гэгээн гэсэн үг бол Клаус нь Николай хэмээх нэр ажээ. Тэрхүү гэгээнтэн ядууст туслаж, хүүхдүүдэд өглөг өгөх зэргээр өөрийгөө буяны үйлд зориулсан нэгэн байсан юм гэнэ.

Тэдний хувцаслалт тэс өөр

Өвлийн өвгөн уламжлалторос хувцас болох цагаан үнэгэн захтай, нударгатай, мөнгөлөг хатгамалан чимэглэл бүхий өлмий хүрсэн урт, дулаан дээлтэй ба арьсан малгай өмссөн байна. Түүнд тэсгим хүйтэн жаврыг сөрөхөд дааруулахгүй байх зузаан, үслэг бээлий заавал хэрэгтэй. Жавар өвөө болроор чимсэн мөнгөн шидэт таягтай явна. Ингээд хүүхэд бүрийн хүслийнбэлгийг том шуудайнд хийгээд үүрч явдаг.

Харин Санта Клаус цагаан эмжээртэй, улаан богино хүрэм өмсөөд цагаан цацагтай овоодой малгай духдуулсхийн тавиад хөлдөө хар гутал өмссөн байдаг. Түүний хувцас орос маягийн өвлийн өвгөний дэргэд хамаагүй хөнгөн шингэн бөгөөд бас таяг барьдаггүй.

Тэд гэр бүлтэй

Өвлийн өвгөн цаг үргэлж хайрт ач охиноо дагуулж явдаг. Цасан охин бол шинэ жилийн баярын гол баатруудын нэг мөн. Үзэсгэлэн төгс цасан охин хөх, цагаан, эсвэл мөнгөлөг өнгийн уламжлалт гоёлын хувцас өмсдөг. Тэрээр хүүхэд багачуудыг баясган, дуулж бүжиглэж, өвөөгөө бэлэг түгээхэд нь тусална. Өвлийн өвөөд эхнэр байдаг тухай хэн ч ярьж байгаагүй юм.

Тэгвэл Санта Клаус эхнэртэйг бүгд мэднэ. Харин ач охинтой гэж сонссон хүн байхгүй л болов уу. Ер нь тэр ганцаараа аялан явах дуртай нэгэн.

Тэд өөр өөр унаатай

Өвлийн өвгөн Оросын алдарт “тройка” буюу гурвалсан морь хөллөсөн чаргаар цасан дээгүүр давхина.

Харин Санта Клаус буга хөллөсөн тэргээрээ агаар тэнгэрт дүүлэн нисдэг.

Тэд айлд зочлохдоо хоёр өөр газраар орж ирдэг

Өвлийн өвгөн 12-р сарын 31-нээс нэгдүгээр сарын 01-нд шилжих шөнө засаж чимэглэсэн гацуур модны ёроолд хүүхэд багачуудад зориулсан бэлгээ үлдээнэ. Хэрэв шинэ жилийн баярыг цэцэрлэг, сургууль, албан газартаа тэмдэглэж байгаа бол өвлийн өвгөн өөрөө бэлгийг нь гардуулан өгдөг. Тиймээс тэр ёслолын хаалгаар хүндэтгэлтэйгээр орж ирнэ.

Санта Клаус Зул сарын шөнө буюу 12 дугаар сарын 25-ны шөнө дундад ил зуухны өмнө хүмүүсийн зориуд өлгөж үлдээсэн оймсонд бэлгээ хийдэг. Гэхдээ тэр айлын хаалгаар бус дээвэр дээрх яндангийн нүхээр орж ирнэ.

Тэд өөр саруудад төрсөн

Оросын Вологода мужийн Великий Устюг хотод Өвлийн өвгөний ордон бий. Харин Москвагаас зүүн хойд зүгт 1000 км-ийн тэртээ өтгөн ойн дунд Өвлийн өвгөний зуны ордон нуугдсан байдаг. Эдгээр ордон зочдод хэзээ ямагт нээлттэй байдаг гэнэ. Жил бүрийн 11-р сарын 18-нд Өвлийн өвгөн Великий Устюг дэх эдлэндээ төрсөн өдрөө сүрлэг сайхан тэмдэглэдэг. Энэ өдрийг өвлийн эхэн гэж үздэг. Энэ өдөр Өвлийн өвгөн гадаад, дотоодын олон зочдыг хүлээж авдаг байна.

Санта Клаусын эх нутаг нь Лапланди буюу Хойд туйл орчмын арлууд юм. Энд түүний туслахуудболох үлгэрийн бяцхан эльфүүд амьдардаг байна. Санта Клаусыг 12-р сарын 6-нд төрсөн гэж тооцдог. Энэ өдөр католик шашинтнууд гэгээн Николайн дурсгалыг хүндэтгэн тэмдэглэдэг ажээ.

Тэд хоёулаа шидтэн

Өвлийн өвгөн, Санта Клаус хоёр хоёул шинэ оны бэлгэдэл болж, хүүхэд багачуудад бэлэг түгээдэг сайхан сэтгэлт шидтэнүүд юм. Тэдэнд жилд 200 000 орчим захиа ирж, чадах хирээрээ хариу илгээдэг гэнэ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ