"МАН-ын шилдэг залуу боловсон хүчин" цэнгэж ханадаггүй Ц.Цэнгэлд төрийн хэргийг атгуулсаар л байх уу?

Засаг солигдохоор л сайд, дарга солигддог. Тэдэн дунд нэг засаг унахад сайдаар тодорч, нөгөө засаг гарч ирэхэд сайдын сэнтийгээс бууж ханадаггүй ичих нүүрээ илгэндээ наасан хэдэн нөхөд байдаг.

Сангийн сайдыг өнгө зүсний нэртэй л бол авдаг юм шиг Улаан, Цагаан нь ээлжлэн авч, Зам тээврийн яамыг “хар”, “шар” хочтой нөхдүүд завсарлаад л залдаг жишээ бий.

Шинэ засаг байгуулагдсанаар дарга нарын их нүүдэл болж байна. Энэ сунгаанд хуучин сайд байсан зарим нөхдүүдийн нэр тууж явна. Тухайлбал Ц.Цэнгэл шинэхэн засагт нэгэн яамны Төрийн нарийн болчих санаатай намынхаа дарга нарын урдуур хойгуур орж яваа юм байх. Юу хийдэг гэж, юу хийнэ гэж удаа дараа сайд даргаар ажиллахдаа түрийвчээ түнтийлгэж, төрөө хоосолсон энэ нөхөд ахин төр барихаар зүтгэж байна вэ?

Ц.Цэнгэлийн хүчээ үзэх газар нь Хүй долоон худаг л баймаар санагдана. Түүнийг хурдан буянаараа алдартай гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин төрийн хэргийг залахдаа тааруухан нэгэн гэдгийг бүгд л мэднэ.

Сайдын сэнтийд сууж байхдаа олон фаакт, алдаа гаргаж байсныг нь одоо хэр нь инээд наадам, элэг болгон ярьдаг хүмүүс ч бий, эрс эсэргүүцэн шүүмжилж буруушаадаг нь ч бий. Зам тээвэр, аялал жуулчлалын сайд болонгуутаа л нисэх онгоцонд сууж байсан зорчигчид руу галт зэвсэгтэй этгээдүүдийг оруулан зорчигчдыг айлган сүрдүүлээд зогсохгүй дарамтлан, буу тулгаж танхайрсан “террорист” үйлдлийг гаргаж байсан.

Нисэхтэй холбоотой түүний асуудал үүгээр ч тогтоогүй МИ-8-ын онгоцны осол Ц.Цэнгэлийг сайд байх үед гарсан хамгийн аймшигтай хэрэг юм. Үүнд салбарын сайд нь ч, Засгийн газар ч хариуцлага хүлээлгүй мултарсан.

Монголчуудын амь насны төлөө хариуцлага хүлээгээгүй Ц.Цэнгэл сайд монголын хөрөнгийг арвижуулах бус ашиг унаган наймаа хийж байсан гэдэг. Түүнийг туслах И.Сүхбатынхаа оролцоотойгоор 200 мянган долларын үнэ бүхий вагоныг 900 мянган доллараар төмөр замд шахсан тухай бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж байв. Мөн авто замын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг будлиантуулж байсныг нь тухайн үеийн Сангийн сайд нь илчилж байсан удаатай.

Олон тендерийг албан тушаалаар сольж байсан гэх бөгөөд ИНЕГ-ын даргаар найз М.Мэндбаярыгаа тавиад хариуд нь ах дүүсийнхээ “Эй Си Эйч Сервис” ХХК-д нисэхийн радио локаторын тендерийг авч өгсөн зэрэг ажлуудыг сайд бахдаа амжуулж байсан нөхөр.

Сайн хүн бүрийн садан болж явдаг Ц.Цэнгэл нэг хэсэг Чин ван Ханддоржийн хамаатан гэж байснаа тун удалгүй Булганы Сайхан сумын Угалзын багш хэмээх алдартай ламын удмын хүн болчихсон явсан гэдэг.

Харин саяхнаас Олимпийн аварга Н.Түвшинбаяртай хамаатархах болсон Ц.Цэнгэл он солигдохоос өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй садан төрлийн холбоотой болчихсон явж байх вий дээ. Шинэ байгуулагдсан Засгийн газар үнэхээр л шийддэг засаг байя гэж байгаа бол энэ мэт нөхдөөс зоригтой татгалзмаар байна.

Н.Навчаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ