Эх түүхээ олсны баталгаа

1924 оны 11-р сарын 26 бол Богд хаант улсын төгсгөл ирж, монголчууд Бүгд найрамдах улсаа зарлан анхдугаар Үндсэн хуулиа баталсан тэмдэглэлт өдөр билээ. Улмаар энэ өдрийг Улс тунхагласаны баярын өдөр хэмээн олон арван жил тэмдэглэсээр ирсэн. Энэ тэмдэглэлт түүхэн үйл явдлын талаар өнөөг хүртэл олон жил ташаа ойлголттой явж ирсэн нь харамсалтай.
Азаар ардчилал дэлгэрч, сайн цагийн эхлэл ирснээр монголчууд эх түүхээ аливаа үзэл суртлын золиос болгон гуйвуулалгүй үнэнээр нь бичиж, тэмдэглэх болсны нэг нь улс тунхагласаны баяр билээ.
Монгол улс өнөөдрөөс 103 жилийн өмнө 1911 оны 12-р сарын 29-нд Манж чин улсын хараат байдлаас гарч, тусгаар тогтнолоо олж, улсаа тунхаглан зарлаж байсан юм. Гэтэл 1924 онд улсаа тунхагласан гэж үзвэл 1911 оны үйл явдлыг үгүйсгэсэн хэрэг болно, эсхэл 1911 оноос 1924 он хvртэл 10 гаран жил төр ч үгүй, улс ч үгүй дэмий хэсүүчилж байсан ард түмэн болохуу. 
Гэх мэтээр 1911 онд улсаа тунхагласан гэж үзэхийн цаад учир нь маш олон үнэ цэнэтэй зүйлийг дагуулж байгаа юм.
Наад зах нь бид хятадын биш манжийн эрхшээлд байж Манж мөхсөнөөр тусгаар тогтнолоо зарласан гэдгээ баталж, Хятадын эрхшээлд хэзээ ч байгаагvй гэдгийн нотолгоо болж байна.
Ер нь үнэн зүйлийг гуйвуулсны хар гайгаар хойч үе хохирч үлддэгийн нэг жишээ нь энэ баяр билээ.
1924 оны 11-р сарын 26-нд Үндсэн хуулиа баталсан нь үнэн, үүнийгээ ч бид тэмдэглэн өнгөрүүлэх нь зөв, гагцхүү энэ өдрийг зөв нэрлэж, зөв ойлгож, зөв тэмдэглэн өнгөрүүлэх нь чухал байсан юм.
Азаар бидний үеэс эхлэн үндэсний үнэ цэнэтэй баяраа зөвөөр тэмдэглэн өнгөрүүлэх боллоо.
11-р сарын 26-ны өдрийг шүүмжлэх хүмүүс цөөнгүй бий, учир нь энэ өдөр маш олон үхэл хагацал, худал хуурмаг, гажуудал, гашуудлыг дагуулсан байдаг.
Тэглээ гээд бид энэ өдрийг шүүмжлээд, харааж цөхөөд байлгүй энэ өдрийн төлөө золиослогдсон бүхний үнэ цэнийг бодож зөв нэрлэж, зөв ойлгож, зөв тэмдэглэн өнгөрvvлэх ёстой билээ.
11-р сарын 26-нд Бvгд найрамдах улсаа байгуулсны баярын өдөр, харин өнөөдөр бол алдсан тусгаар тогтнолоо цусаа урсган эргүүлж авсан, улмаар дахин зарлаж, улсаа тунхагласаны баярын өдөр юм.
Гэхдээ түүх явригтай. Нарийн ярих юм бол Монгол улс XIII зуунд сэлмийн хүчээр, ухааны саруулаар даян дэлхийд тунхаглагдсан билээ.
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ