Зэргэлдээ ертөнц байсаар байна

Оксфордын бүлэг эрдэмтэд математикийн салбарт шинэ нээлт хийж, зэргэлдээ ертөнцүүд бодитоор оршин байдгийг баталжээ.

Энэ таамаглалыг бүр 1950 онд америкийн Хью Эверетт гэгч дэвшүүлж, тухайн үеийн эрдэмтдийн маргааны бай болоод байсан квантын механикийн нууцуудыг тайлбарлаж байсан ч тухайн үед хэн ч ач холбогдол өгөлгүй өнөөг хүрчээ.

Эвереттийн «олон ертөнцөт» онолоор бол шинэ үйл явдал бүр ертөнцийн хувилбаруудыг бий болгож байдаг аж. Өөрөөр хэлбэл боломжит хувилбарын тоо нь зэргэлдээ ертөнцийн тоотой тэнцүү байдаг гэсэн үг.

Жишээ нь, жолооч машины өмнүүр гүйн гарч ирсэн явган зорчигчийг харлаа. Тэр жолоогоо хажуу тийш мушгин осолд орж өөрөө амиа алдана. Энэ бол эхний бодит хувилбар. Дараагийн хувилбарт эмнэлэгт очоод амьд үлдэнэ, 3 дахь хувилбарт явган зорчигч амь алдана. Энэ мэт хувилбарууд дуусахгүй үргэлжилнэ.

Энэ онол хэт уран зөгнөлт санаатай адилхан байсан учир тэгсгээд мартагдсан байна. Харин саяхан Оксфордын эрдэмтэд математик судалгааны явцдаа Эверетт зөв замаар явж байсныг олж тогтоожээ.

Квантын механикийн онол ёсоор туршилтаас өмнө атомын дотор байгаа зүйлийг бодит гэж хэлэх аргагүй байдаг гэнэ.

Хэмжилтээс өмнө атомын дотоод мөхлөгүүд тодорхойгүй «супер байрлал» буюу дээд, доод талд нэгэн зэрэг орших, эсвэл нэг цаг хугацаанд өөр өөр газар гарч ирэх зэрэг шинж чанартай байдаг.

Иймээс ажиглалтыг зөвхөн нэг л бодит байдлыг судлах зарчмаар хийдэг аж. Энэ нь дээш шидсэн зоосыг барьж авахад алган дээр аль нэг талаараа буудагтай адил үзэгдэл юм.

Тэгэхлээр Ертөнцөөс салаалан мөчирлөх замаар үүссэн зэргэлдээ ертөнцүүдийн бүтцээр квантын механикийн магадлалын онолыг тайлбарлаж болно гэнэ.

Эцэст нь хэлэхэд бид оршин байх цорын ганц ертөнцөд биш, харин олон зэргэлдээ ертөнцүүдийн нэгэнд нь л амьдардаг гэсэн үг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ