Дүнжингарав-Улиастайн зам нээгдлээ

Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн үргэлжлэл зам болох Дүнжингаравын уулзвараас зүүн тийш Улиастайн гүүр хүртэл үргэлжлэх 6.0 км авто замыг албан ёсоор нээх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтэд Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Энэхүү зам нь хотыг зүүнээс баруун тийш холбох бөгөөд Нарны замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ач холбогдолтой юм. Түүнчлэн уг зам нь төмөр замын 413 дугаар км-т байрлах гарамтай огтлолцох бөгөөд гармын орчмыг автомат хаалтаар тоногложээ. Өөрөөр хэлбэл, галт тэрэг тухайн гарамд 1000 метрт ойртож ирэх үед авто замын хөдөлгөөнийг зогсоох хаалт автоматаар ажилладаг юм байна.
Тус замын гүйцэтгэлийн ажлыг “Хансуун зам” ХХК гүйцэтгэсэн бөгөөд замыг 15 метрийн өргөн, дөрвөн эгнээ урсгалтайгаар хийсэн байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар уг ажлыг гүйцэтгэжээ.
Уг зам ашиглалтад орсноор хотын зүүн талаас Энхтайваны өргөн чөлөө, Нарны замд ачаалал өгөлгүйгээр хотын төв рүү орох боломж нээгдэж байгаа юм. Замын ажилтай зэрэгцэн явган хүний зам, дугуйн зам, лэд гэрэлтүүлгийг хийсэн байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ