"Өнөр бүл" төвийн хүүхдүүд спорт заалтай боллоо

Хүүхэд гэр бүл хөгжлийн "Өнөр бүл" төвийн хүүхэд багачуудын сүлд модны наадам өнөөдөр боллоо. Мөн тус төвийн сүлд модны наадмын үеэр хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, хөгжүүлэх спорт заалны нээлтийн арга хэмжээ болсон юм.
Энэ оныг гэр бүл хөгжлийг дэмжих жил болгосон бөгөөд “Өнөр бүл” төвийн хүүхдийн хөгжүүлэхэд чиглэсэн гол ажлуудын нэг нь тэднийг спорт заалтай болгосон явдал юм. Тус спорт заалны нээлтэнд УИХ-ын гишүүн, ХАХНХ-н сайд С.Эрдэнэ, Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төв буюу РЦНК-ийн удирдлагууд мөн тус төвийн удирдлага хүүхдүүдийн төлөөлөл оролцсон юм.
“Өнөр бүл” төв нь 40 жилийн түүхтэй бөгөөд өнгөрсөн жил төвийнхөө дэргэд хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөгжих боловсрох таатай орчин бүхий “Хүүхэд хамгаалал, хөгжлийн төв”-ийг шинээр байгуулсан юм. Ингэснээр тус төвийн үйл ажиллагаа улам өргөжин, цар хүрээгээ тэлж үйлчилгээний нэр төрөл нэмэгдсэн байна. Түүнчлэн “Өнөр бүл” төвийн хүүхдүүд дунд сургуулиа төгсөж, их дээд сургуульд амжиллтай элсэн суралцаж байгаа юм. Мөн олон улсын болон улсын урлаг спортын тэмцээн уралдаанд идэвхтэй оролцож шагналт байрууд эзэлж байжээ.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ