Хуурамч архинаас сэрэмжлээрэй

Хуурамч архи худалдан авч хэрэглэсний улмаас эрүүл мэндээрээ хохирсон иргэн цагдаагийн байгууллагад ханджээ. Баярын өдрөө бараан гуниг, өвчин зовлонгоор дүүргэхийг хэн хүсэх билээ. Одоо болтол гар аргаар хүний биед хор хөнөөлтэй хуурамч архи үйлдвэрлэх тохиолдол байгаа тул иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мөн архидан согтуурсны улмаас гэмт хэрэг үйлдэх, гэмт халдлагад өртөх явдал нийт гэмт хэргийн ихэнх хувийг эзэлдэг. Хүйтний улиралд гудамжинд осгож, хөлдөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь ихсэх хандлагатай байна. 2013 оны 12 дугаар сарын 01-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд осгож амь насаа алдсан 9 тохиолдол гарчээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын хугацаанд хүний амь насыг санаатайгаар хохироосон хэрэг 8 бүртгэгдсэн. Эдгээр хэргүүд нь найз нөхөд, хамаатан садан, гэр бүлийн хүмүүс архидан согтуурч маргалдсаны улмаас буюу согтуугаар үйлдэгдсэн байдаг.

Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд баяр ёслолыг тэмдэглэхдээ архины зөв зохистой хэрэглээг эрхэмлэх, нэгэндээ анхаарал болгоомжтой явах, бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд тавих хараа хяналтыг сайжруулах шаардлагатайг анхааруулж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ