Үндэсний онцлох үйл явдлыг нэрлэж байна

2014 оны сүүлийн өдөр энэ жилд эх оронд болж өнгөрсөн үйл явдлуудаас Bataar.mn вэбсайт онцолж байна.
Хоёр хөршийн удирдагчдын айлчлал
Олон жилийн дараа урд, хойд хоёр хөршийн маань төрийн тэргүүнүүд Монгол Улсад айлчиллаа.
БНХАУ-ын дарга Си Зиньпин наймдугаар сарын 21-ний өдөр нийслэл хотод газардсанаар хоёр орны цаашдын харилцаанд чухлаар нөлөөлөх айлчлал эхэлсэн юм.
Айлчлалын хүрээнд БНХАУ Монгол Улсад транзит тээврийн хөнгөлөлттэй нөхцөлийг санал болгосноор олон жилийн турш яригдаж байсан транзит тээврийн асуудал шийдэгдэж, Монгол Улс бүрэн утгаараа далайд гарцтай орон болж хувирлаа.
Мөн БНХАУ-ын дарга УИХ-ын чуулганы индрээс “Хятад улс үргэлж Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хүндэтгэх болно.
Хятад хэзээ ч тэлэх бодлого явуулахгүй” гэж мэдэгдсэн нь он удаан жил хоёр орны харилцаанд сэв суулгаж байдаг эмзэг асуудлыг нэг тийш шийдсэн үг байсан юм. Ингэснээр Хятад улс өөрийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүддээ цензур тавьж Монгол Улсын тусгаар тогтнолыг хөндсөн агуулга бүхий мэдээллүүдэд цэг тавьж чадсан. Айлчлалын гол үр дүн олон салбараас харагдаж байв.
Тухайлбал, том хэмжээний эрчим хүч ба дэд бүтцийн гэрээнүүд, хий нийлүүлэх гэрээ,2019 онд ашиглалтад оруулах нүүрснээс хий гаргах хоёр үйлдвэрийн гэрээ, барилгын салбарт болон аж үйлдвэрийн парк барих асуудал шийдэгдсэн, тээврийн салбарт томоохон төсөл хэрэгжинэ гэх мэтээр. Айлчлалын үеэр БНХАУ-ын даргын амласан тэрбум ам.доллар одоо хүндхэн байдалд байгаа Монголын эдийн засагт амь тариа болж ч магадгүй байна.
БНХАУ-ын даргын албан ёсны айлчлалын дараа манай улсын хамгийн найрсаг харилцаат орон, хойд хөршийн маань ерөнхийлөгч Владимр Путин Монголд хагас өдрийн ажлын айлчлал хийсэн юм. Хойд хөршийн төрийн тэргүүний “нулимстай” айлчлал богино хугацаанд ч гэсэн ач холбогдол, агуулга өндөртэй болж чадсан.
Айлчлалын үеэр шийдэгдсэн ёсоор одоо Монгол, Орос хоёр улсын иргэд харилцан визгүй зорчиж эхэллээ. Монголын бараа, бүтээгдэхүүн, тэр дундаа мах махан бүтээгдэхүүнийг хойд хөршид экспортлох гарцыг нээж өгсөн нь энэ айлчлалын бас нэгэн чухал шийдвэр. Энэхүү хоёр айлчлал хоёулаа олон улсын болон бүс нутгийн анхаарлын төвд байлаа.
Н.Алтанхуягийн засаг огцорч, Шийдлийн Засгийн газар байгуулагдлаа
Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, гишүүдийн олонх нь Засгийн газрын тэргүүнийг огцруулах нь зүйтэй гэж үзсэнээр хоёр жил гаруй хугацаанд ажилласан Шинэчлэлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Энэ нь Монголын улс төрийн амьдралд төдийгүй улс эх оронд томоохон нөлөө үзүүлсэн үйл явдалд яах аргагүй тооцогдож байна. Ардчилсан намын ҮЗХ-ны хурал хэд хэдэн удаа хуралдсаны эцэст Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлэхээр болж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэнээр Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд тодорлоо.
Шинээр томилогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ерөнхийлөгчийн захисанчлан 2016 оны сонгууль хүртэл улстөржилгүй зөвхөн улс эх орныхоо төлөө тулгамдсан асуудлуудыг шийдэхийн төлөө шуурхай ажиллана гэдгээ амласан. Ингээд Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай бүх намуудад Засгийн газраа хамтран байгуулах саналыг илгээж МАН, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, хамтран засгаа байгуулсан. Засаг төр байгуулж эмхлэх үйл явц өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа. Олон нам хамтарсан, улс төрийн олон тохироо шийдлүүд нэг засагт багтсан гэдэг утгаараа Шийдлийн засгийн газар төрийн аппаратыг бүрдүүлэхэд цаг алдаж байгаа боловч богино хугацааны дотор чухал шийдвэрүүдийг гаргаж амжсан юм. Энэ бол олон засаг дамнан дуншсан Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчдыг тодруулах явдал байлаа. Сонгон шалгаруулалтаар Хятадын “Чайна Шенхуа Энержи”, Японы “Сумитомо” корпораци, Монголын “Энержи Ресурс”ХХК-ийн хамтарсан түншлэл Тавантолгойд хөрөнгө оруулах эрхийг авч ажиллах нь баталгаажлаа. Ингэснээр он гараад Засгийн газар хөрөнгө оруулагчидтай дахин хэлэлцээрт орж, чухам ямар ажлыг хэрхэн, ямар дараалалтайгаар хийх вэ гэдгээ шийдвэрлэнэ. Ийнхүү Засгийн газар нэгэнт хөрөнгө оруулагчдыг шалгаруулж чадсан тул цаашид Тавантолгойн үүц Монголын ард түмний амьдралд үр өгөөжөө өгөх нь цаг хугацааны асуудал болох бизээ. Ийм чухал шийдвэрийг гаргаж амжсанаас гадна хоёрын зэрэг татан буугдсан яам, агентлагийн байрыг суллаж эмнэлэг байгуулах болсон нь олон нийтийн талархлыг хүлээж байна. Ийнхүү 2014 оны гол үйл явдлын нэг засаг солигдсон явдал байлаа.
“АСЕМ-2016” Монголд болно
Ази, Европын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт болон “АСЕМ” 2016 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар болсон нь энэ оны онцлох үйл явдлын нэг яах аргагүй мөн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ онд болсон АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн 50 гаруй улс орны удирдагчдыг 2016 онд Монголд саатахыг урьсан юм.
Ингэснээр Монгол Улс бүс нутгийн дээд хэмжээний уулзалтыг анх удаа эх орондоо зохион байгуулахаар болж байна.Италийн Милан хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр дараагийн уулзалтыг зохион байгуулах эрхийн төлөө Монгол Улс Канад, Франц зэрэг хүчирхэг улсуудтай өрсөлдөж, “ялалт” байгуулсан. Үүнийг ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бахархалтайгаар ард түмэндээ дуулгасан юм. Ингэснээр энэ уулзалтын бэлтгэл ажлыг эртнээс хангахаар 47 тэрбум төгрөгийг 2015 оны улсын төсөвт суулгаад байна.
Тамирчид бахархам амжилтаар дүүрэн жилийг өнгөрөөлөө
Манай тамирчид 2014 онд тив дэлхийн олон тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медалийг эх орондоо авчирсан. Зөвхөн жүдогийн шигшээ баг л гэхэд энэ онд олон улсын чанартай тэмцээнүүдээс 203 медаль авсан бахархам амжилтаар шинэ оноо угтаж байна.
Тэднээс хамгийн том амжилтыг жүдо бөхийн ОУХМ, гавьяат тамирчин Г.Болдбаатар, чөлөөт бөхийн ОУХМ, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд нар үзүүлсэн билээ.
Тэд энэ жил болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс тус тус алтан медаль хүртэж хүсэл зорилго нэгт нөхдөө манлайлан ард түмнийхээ магнайг тэнийлгэсэн юм. Тэдний амжилтыг төр засгаас өндрөөр үнэлж он солигдох босгон дээр Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм алдрын эзэд болсон билээ.
Мөн БНСУ-ын Инчён хотноо болсон Азийн зуны спортын XVII наадамд ч монголчууд түүхэн амжилт үзүүллээ. Монголын баг, тамирчид Инчёны дэвжээнээс таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл, нийт 21 медаль хүртсэн. Мөн багийн дүнгээр Азийн 45 орноос 16 дугаар байрт жагссан нь урьд өмнө нь үзүүлж байгаагүй өндөр амжилт болсон юм.Монголын боксчид Азийн наадмаас анх удаа алтан медаль хүртлээ.
Тодруулбал, ОУХМ Д.Отгондалай Азийн наадмын аварга болсон. Түүнчлэн жүдочид амжилтаа бататгаж, эрэгтэйчүүдийн -100 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Н.Түвшинбаяр аваргын алтын медаль хүртсэн. Мөн ОУХМ-ын Д.Төмөрхүлэг -66 кг-д, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Гавьяат тамирчин М.Уранцэцэг алтан медалийн буухиагаа үргэлжлүүлсэн. Монголын жүдочид Азийн наадамд амжилт арвин оролцсон юм.
Мөн марафон гүйлтийн төрөлд Б.Сэр-Од дөрөвдүгээр байрт шалгарсан бол таеквондогийн тамирчдаас Монголын багийн анхны медалийг М.Түмэнбаяр зүүлээ. Чөлөөт бөхийн тамирчид ч бас нийтдээ нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн. Энэ мэт амжилтаас гадна Монголын сагсчид Инчёны дэвжээг доргиож, “Монголын амжилтаар өлссөн, өлсгөлөн сагсчид” гэх имижийг бүрдүүлж, Азийн хэмжээний одтой болох эхлэл ч тавигдсан билээ. Монголын сагсчид Азийн наадмын шилдэг наймд шалгарч, сагсан бөмбөгч Т.Санчир шилдэг гурван сагчны нэг болсон билээ. Тамирчдын маань бахархам амжилтууд бүтэн оны турш ард түмнийхээ магнайг тэнийлгэж байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ