Монголчууд инженерээ Японд бэлтгэж эхэллээ

Монгол улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл амжилттай хэрэгжиж байна. Одоогоор ШУТИС-д 1.5 жилийн хугацаатай Коосэн сургуулийн бэлтгэл анги нийт 46 оюутантайгаар хичээллэж байгаа юм.
“Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь Монгол улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулах зорилготой юм. Энэхүү төслийг Монгол улсын БСШУЯам болон Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна.
Энэ удаад инженерийн чиглэлийн магистр, доктор ба зэргийн бус сургалтаар Япон улсын их дээд сургуульд суралцах 7 багш, судлаачид; Коосэн сургалтын хөтөлбөрөөр техник мэргэжлийн Коосэн сургуульд шууд элсэн суралцах 6 оюутан, нийт 13 багш, оюутанд БСШУ-ны сайд Л.Гантөмөр батламж гардууллаа.

Магистр, доктор, зэргийн бус сургалтад хамрагдах 7 багш, судлаачдыг сонгон шалгаруулахдаа Японы талын хүлээн авах их, дээд сургуулиуд болон ЖАЙКА олон улсын байгууллагаас тавьсан шаардлага болон МУИС, ШУТИС-ийн тэргүүлэх судалгааны чиглэл, Япон, Англи хэлний мэдлэгийг нь харгалзан үзсэн байна. Харин Коосэн сургуульд шууд элсэн суралцах хөтөлбөрийн элсэлтийг 2014 оны 8 дугаар сард зохион байгуулжээ. Коосэн нийгэмлэг элсэгчдийн материалыг сайтар судалсны үндсэн дээр 11 дүгээр сарын 28-ны өдөр шалгалтын комиссоос ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газарт ярилцлага авсан байна. Тус шалгалтаар оюутнуудын япон хэлний ярианы шалгалт, сэтгэн бодох чадварын IQ тест, байгалийн ухааны шалгалтыг тус тус авчээ.
Ингээд дараах нэр бүхий 13 элсэгчдийг БСШУ-ны Сайдын А/466, А/488 тоот тушаалаар Япон улсад суралцуулахаар баталсан байна.
Магистр, доктор, зэргийн бус сургалтад хамрагдах 7 багшийг танилцуулбал:
-Даваажавын Нарантогтох /ХААИС-ийг Бараа судлаачийн мэргэжлээр төгссөн. Эдүгээ ШУТИС-ийн Үйлдвэр, технологийн сургуулийн Дизайны тэнхимд багшилж байгаа. Докторын сургалтын хөтөлбөрт 3 жил суралцана/
-Орхоны Банзрагчгарав /МУИС-ийг Биотехникч мэргэжлээр төгссөн. Эдүгээ МУИС-д эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаа бөгөөд докторын сургалтын хөтөлбөрт 3 жил суралцана/
-Мөнхбатын Долгормаа /МУИС-ийг Хүрээлэн буй орчны химич мэргэжлээр төгсөж, тус сургуульд мөн эрдэм шинжилгээний ажилтнаар ажилладаг. Магистрын сургалтын хөтөлбөрт 2 жил суралцах юм/
-Нямсүрэнгийн Гомбосүрэн /ШУТИС-ийг Авто ашиглалт, авто механикч мэргэжлээр дүүргэсэн. Одоо ШУТИС-ийн Механик, тээврийн сургуульд ахлах багшаар ажилладаг. Зэргийн бус сургалтад 8 сарын хугацаанд суралцана./
-Дамдинсүрэнгийн Нарантуяа /МУИС-ийг Биологич мэргэжлээр төгссөн бөгөөд тус сургуульд багшилдаг байна. Мөн зэргийн бус сургалтын хөтөлбөрт 1 сарын хугацаанд суралцах юм/
-Отгонбаярын Энхцолмон /ШУТИС-ийг Гео-Экологийн мэргэжлээр дүүргэж, Китакюшюгийн их сургуулийн докторантурт суралцаж байгаа. Докторын сургалтын хөтөлбөрт 1 жил суралцана/
-ПүрэвсүрэнгийнНэмэхбаяр нь /ШУТИС-ийг Геологич мэргэжлээр төгсөж, Нагоягийн их сургуульд судлаач оюутнаар суралцдаг. Магистрын сургалтын хөтөлбөрт 2 жил суралцах юм байна/
Японы Коосэн сургуульд шууд суралцах оюутнуудыг товч танилцуулбал:
Энхбаатарын Хангай, Батбаярын Цогтбаатар, Лхагвасүрэнгийн Ганбат, Гантулгын Батцогт, Отгонбямбын Батбанди, Амарсанаагийн Содномдорж. Эдгээр 6 оюутан Хүрээлэн буй орчин, хот төлөвлөлтийн инженерчлэл, Мэдээллийн сүлжээний инженерчлэл зэрэг зургаан төрлийн мэргэжлийн чиглэлээр суралцах юм байна.
Коосэн сургуульд элсэн суралцах оюутан нь Японд суралцах шалгалт, Японы Коосэн нийгэмлэгийн зохион байгуулдаг шалгалтад тэнцсэн тохиолдолд тус сургуулийн гуравдугаар курсээс элсэн орж, нийт гурван жил суралцан бакалаврын өмнөх мэргэжлийн зэргийн дипломтой төгсөх боломжтой болдог. Энэхүү сургуульд оюутан элсүүлэх ажлыг Коосэн нийгэмлэг гардан зохион байгуулдаг бөгөөд дээрх төслийн хөтөлбөрөөр нийгэмлэгээс тавьсан шалгуурыг хангасны үндсэн дээр суралцах боломжтой юм.

2023 оны гуравдугаар сар хүртэлүргэлжлэх “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн үр дүнд хос хөтөлбөрийн хүрээнд механик инженер, барилгын инженер, цахилгаан электроникийн инженерийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийгдэж тухайн хичээлийн кредитийг Японы их дээд сургуулиудхарилцан хүлээн зөвшөөрөхөөрөө давуу талтай гэнэ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ