Тусгай хүчнийхэн муу ажиллалаа

Франц улсад хүнд цаг мөчүүд тулгараад байна. Нэгдүгээр сарын 7-ны өдөр Парисын Charlie Hebdo сэтгүүлийн редакцид алан хядагчид халдаж 12 хүнийг хөнөөсөн юм.
Алуурчид гурвуулаа байсан бөгөөд автомат буугаар зэвсэглэж хүмүүсийг хөнөөсөн тухай хэвлэлүүд мэдээлээд байгаа.
Тэгвэл хэрэгтнүүдийг Францын цагдаа, тусгай албаныхан өчигдөр орой бүслэн авч шууд устгасан байна. Алуурчдын хоёр нь ах дүү хоёр бөгөөд Саид болон Шериф Коуачи гэгч этгээдүүд юм. Тэднийг Францын цагдаа нар эрэн сурвалжилсаар өчигдөр Парис хотоос 35 км зайтай Даммартен-ан-Гоель тосгонд нуугдаж байгаа газрыг нь илрүүлэн удтал буудалцсан байна.
Улмаар хоёр ч цагдаагийн ажилтныг шархдуулаад Шериф Коуачи, СаидКоуачи нар Парисын захын дүүрэгт зугтан орж ирсэн байна.
Ингэхдээ тэд хоёр ч удаа машинаа сэлгэж зугтсан бөгөөд цагдаа, тусгай албаныхан нисдэг тэргээр мөшгисөөр Парисын хойд хэсгийн үйлдвэрийн агуулахад бүсэлсэн байна. Улмаар тусгай хүчнийхэн ямар ч буулган авах хэлэлцээр шаардлагагүйгээр шууд устгах тушаалтайгаар тусгай ажиллагаа явуулж ах дүүсийг устгажээ.
Үүнтэй зэрэгцэн Charlie Hebdo сэтгүүлийн редакцид халдлага үйлдсэн гурав дахь этгээд болох 32 настай Амеди Коулибали гэгчийг “Hypercasher” хэмээх супермаркетэд тусгай ажиллагаа явуулан устгажээ.
Амеди Коулибали нь супермаркетэд олон хүмүүсийг барьцаалаад байсан бөгөөд Шериф Коуачи, Саид Коуачи нарыг мөрдөж хөөхөө зогсоохыг шаардаж, шаардлагыг нь хүлээн авахгүй бол барьцааны хүмүүсийг хөнөөнө хэмээн сүрдүүлсэн байна.
Гэсэн хэдий ч цагдаа нар шаардлагыг нь хүлээж авахгүйгээр тусгай ажиллагаа явуулж Амеди Коулибалиг хөнөөхөөр шийдсэн байна. Харамсалтай нь тусгай хүчний ажилтнууд супермаркет руу дайрч барьцаалагчийг хөнөөхдөө алдаа гаргаж энэ үеэр барьцаанд байсан дөрвөн хүн амиа алдаж, өөр дөрвөн маш хүнд бууны сумны шархтайгаар эмнэлэгт хүргэгдсэн байна.
Супермаркетыг бүслэж улмаар удтал буудалцсан эцэст дайран орж хүмүүсийг чөлөөлж буй бичлэг олон улсын хэвлэлүүдээр цацагдаж шуугиан дэгдээгээд байна.
Тэрхүү бичлэгийг дээр нийтэлсэн болно. Ингэснээр Чарли Хебдо сэтгүүлийн редакцид халдсан гурван этгээдийг олж илрүүлэн устгаж чадлаа хэмээн Францын цагдаагийн газраас албан ёсоор мэдээлсэн юм.
Гэсэн хэдий ч Францын цагдаа нар болхи, муу ажиллагаа явуулсан хэмээн өөрийн орны эрх баригчид төдийгүй хэвлэлийнхэнд шүүмжлүүлж эхэллээ. Жишээлбэл Францын Ерөнхий сайд Мануэл Вальс сэтгүүлийн редакцийн халдлагаас урьдчилан сэргийлэх болон барьцаалагчдыг эрэн сурвалжилж барих ажиллагаанд Францын тагнуулын алба маш муу ажиласан хэмээн шүүмжилжээ.
Ийнхүү Францад өрнөж дэлхий дахины анхаарлын төвд ороод байгаа явдал өндөрлөөд байна. Үүний зэрэгцээ цагдаа нар алан хядагчидтай түүнтэй хамсаатан гэж сэжиглэсэн 26 настай Хаяат Боумеддиене гэгчийг эрэн сурвалжилж байгаа аж.
Францад гарсан халдлагыг олон улс буруушаан хэвлэлийн эрх чөлөө болон олон иргэдийн амь насанд халдсан явдлыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй, терроризмтой тууштай тэмцэх болно гэдгээ илэрхийлээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ