Хэний гэдсийг тасартал чангалах вэ

Он шилжих мөчид ерөнхий сайд Ч.Сайханбилэг алдаж яваад гэнэт ухаан орж амьдралыг ухаарсан хүн мэт сайхан үгс хэлж олон хүнийг уяраагаад авсан.

Түүний үгэнд дурдсан олон хэмнэлт, таналтыг монголчууд дэмжиж байсан. Саяхнаас зарим нэгэн ерөнхий сайдын үг тийм ч уярмаар сайхан эд биш гэдгийг ойлгож эхлэв бололтой.

Эхчүүд, эмэгтэйчүүдийн халдлагад өртөж (эх хүүхдийн, жирэмсэн эмэгтэйчүүдэд улсаас өгдөг мөнгийг танах гэсний хариуд цахим хуудсаар ерөнхий сайдын утсыг тарааж таналт хасалтыг эсэргүүцсэн эхчүүд түүнийг мессежээр булсан гэх) нээрээ ч тийм юм даа, улс орны эдийн засгийг сэргээхийн төлөө заавал эх, хүүхдийнхээ халаасанд гар дүрж эхлэх хэрэг байсан ч юмуу гэх олон хүний шүүмжлэлд засгийн газар өртөж байгаа.

Энэ асуудал дарагдаж амжаагүй байхад л төрийн мөнгөөр тансаглаж, баруун солгүйгүй цацахын жаргал, эдийн засгийн хэмнэлтэд орж бүсээ гэдэстэйгээ хамт чангалуулахын зовлон харшилдсан гал ус шиг мэдээлэл цацагдаж эхэллээ.

УИХ-ын гишүүн Г.Уянга ”Бүсээ чангалах төсөв орж иржээ. Хүүхэд, одонгийн мөнгө хасаж байгаа юм байна. Тэд энэ мөнгөөр жип авч унадаггүй, брэндийн хувцас авдаггүй, ээмэг, бөгж авдгүй юм. Зөвхөн өл залгуулдаг юм шүү. Одоо та бүсийг нь чангалчих юм бол голоороо тасарна. 25 жил бүсийг нь чангалсан.

Ахиад нэг юм хэлэхэд иргэд гэдсээ тасартал бүсээ чангалж байна. Гэтэл нэг хэсэг нь бүсээ тасартал гэдсээрээ таргаллаа. Монгол банк саяхан газрын дарга нартаа сая саяар нь мөнгө тараасан байна. Хэлтсийн дарга нарт гэхэд 60-100 сая төгрөг нөхөн төлбөрт өгсөн байсан.

Хэн нь ингэж бүсээ тасартал таргалаад хэн нь голоо тасартал бүсээ чангалах вэ” хэмээсэн нь гал дээр тос асгасан мэт болов.

Нээрэн л олон олон ар гэрийн амьдралыг нуруун дээрээ авч явдаг, гадаа гарч эр гэрт орж эм болдог эхчүүд, эмэгтэйчүүд энэ мөнгөөр брэндийн хувцас авахад нэмэрлээд явж буй тохиолдол ээ дээ Монголын өнөөгийн нөхцөлд өдрийн од шиг л болов уу.

Тэд нээрээ л олигтой сурч чадахгүй байж төрд эрхэлж баар цэнгээний газарт булингартсан хөлчүү нүдээр сургуулийнхаа барааг хардаг хэсэг бүлэг оюутнууд биш шүү дээ. Эхчүүд эмэгтэйчүүдэд мөнгө илүүдэхгүйн мундахгүй олон шалтгаан бий.

Гэтэлоны өмнөхөн татварын байцаагч нар урамшуулал нэрийдлээр олон сая төгрөг халааслаж, хэсэгтээ л олны зэвүүцлийг төрүүлсэн бол энэ удаа төрийн мөнгөөр тансаглаж өөрсдийгөө урамшуулагчдын ээлжит илрэлт Монголбанкинд очиж байгаа бололтой.

Энэ асуудлыг шалгадаг газар нь шалгаж тогтоогоод үнэхээр Монголбанкны алба хэлтсийн дарга нар 60-100 сая төгрөг авчихдаг бол ёстой л "Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж, өрөөлийн толгой дээрх өвсийг харав" гэгч болж байна хэмээн ерөнхий сайдад хаяглагчдын тоо мундахгүй их болох бизээ.

Х.Цахилгаан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ