Төрийн ордонтой цахимаар танилцдаг боллоо

Төрийн ордонд орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан бүтээсэн Төрийн ордонтой танилцах цахим аяллын вэб хуудсыг http://tour.parliament.mn албан ёсоор нээх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Олон улсын жишигт нийцсэн энэ ажлыг “Пано интерфейс” ХХК-ийн хамт олон орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан өөрсдийн санаачлагаар бүтээжээ.

Англи, монгол тайлбартай эл цахим аяллаар иргэд сонгогчид УИХ-ны нэгдсэн хуралдааны болон бусад танхимууд, Төрийн ордон дахь түүх, соёлын дурсгалт үзмэрүүдээс гадна УИХ-ын албан өрөө тасалгаа, үе үеийн УИХ-ын дарга нар, Ерөнхий сайдуудын хөрөг зураг зэрэг сонирхолтой үзмэрүүдтэй танилцах боломжтой болж байгаа юм.

Цахим хуудсыг бүтээхэд нийт 3000 гаруй ажлын материал орсны зэрэгцээ Төрийн ордны өрөө тасалгаа, хуралдааны танхим, музей, үзмэр зэрэг 42 обьектыг 100 гаруй цэгээс харуулснаараа онцлог болсон байна.

Цаашдаа УИХ-ын Тамгын газрын зүгээс цахим хуудсыг улам боловсронгуй болгож бусад хэлний тайлбарыг нэмэх, Төрийн ордонтой танилцах захиалгыг цахимаар авах, хөдөлгөөнт дүрс, видео дүрсээр баяжуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байгаа аж.

Хэдийгээр иргэд Төрийн ордонд чөлөөтөй орж танилцдаг болсон ч бүхэлд нь танилцах боломжгүй. Харин энэхүү виртуаль аяллын цахим хуудас нээгдсэнээр эх орныхоо зүг бүрт ажиллаж амьдарч байгаа иргэн хэн боловч хүссэн цагтаа гэрээсээ, албан өрөөнөөсөө, гадаад орноос ч энэхүү хуудсанд нэвтэрч Төрийн ордны үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцах боломжийг олгож байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ