Хүний нөөцийн шинэ програм гаргажээ

Жижиг дунд бизнес эрхлэгчдэд хүний нөөцийн салбарын талаарх мэдлэг хомс, зөв менежментийн бодлого байдаггүйн улмаас хүний нөөцтэй холбоотой асуудлууд ихээр тулгардаг. Иймээс Нью медиа группээс хүний нөөцийн бүртгэлийг цахимжуулах, хялбарчлах зорилготой “Хишиг” програмыг гаргажээ.
Монгол улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн нэг үндэс нь яахын аргагүй жижиг дунд үйлдвэрлэл билээ. Тиймээс төр засгаас ЖДҮйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэн бодлого олноор явуулдаг. Нью медиа групп ч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Монголын жижиг дунд бизнесийг чадавхижуулах үндэсний хөдөлгөөн”-ийг эхлүүлсэн бөгөөд энэ удаад Хишиг хүний нөөцийн програмаа танилцууллаа. Энэхүү програм нь хүний нөөцийн бүртгэлийг маш энгийн, дэлгэрэнгүй системтэйгээр шийдсэнээрээ онцлог бөгөөд үүлэн системд суурилсан юм байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид орон зайн хязгаарлалтгүйгээр дурын компьютер, таблет, гар утаснаас нэвтрэн ажиллах боломжтой ажээ.
Нью медиа групп нь 2013 онд мөн “Эрхэт” онлайн санхүүгийн програмыг нэвтрүүлжээ. Эдгээр хоёр програмаараа дамжуулан тэд ирэх гурван жилийн хугацаанд Монгол улсдаа идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 50 мянга гаруй жижиг дунд үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Иймд уг програмууд болон өөр дэвшилтэт технологийг жижиг дунд бизнесүүдэд нэвтрүүлэн хэрэглээ болгож, бүтээмжийг нэмэгдүүлэн ажиллахад бусад байгууллагуудыг ч мөн хамтран ажиллахыг уриалж байлаа.
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй нийт жижиг дунд үйлдвэрлэлүүдийн 90 гаруй хувь нь 50 ба түүнээс доош ажилчидтай байдаг. Тэгвэл тус багууллагын хамт олон Хишиг хүний нөөцийн програмыг тэдгээр бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүйгээр ашиглуулна гэлээ. Ингэснээр ЖДҮ эрхлэгчид маань өөрсдийн ажилчдын цэгцтэй мэдээллийн санг бүрдүүлээд зогсохгүй, одоогийн ажилтнуудын нөөц бололцоог бүрэн ашиглах, ажлын гүйцэтгэлийг бодитоор үнэлэх, улмаар тогтвортой хамт олон бүрдүүлэх боломжтой болох юм байна. Нэг үгээр хэлбэл,тухайн байгууллагын хүний нөөц солигдох үед уг бүртгэл нь баримт бичгийн залгамж халаатай болох чухал ач холбогдолтой ажээ. Тус байгууллагаас ирэх дөрөвдүгээр сард харилцагчийн удирдлагын програмаа танилцуулахаар зорин ажиллаж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ