Бичил уурхайд тохирсон нөхөн сэргээлтийн аргачлалыг туршжээ

УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол АНУ-ын Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Мелони К.Линдберг болон тус сангийн Байгаль орчны төслийн менежер Жонатан Стэеси, ахлах зөвлөх П.Болормаа нарыг хүлээн авч уулзжээ. АНУ-ын Азийн сан нь байгал, орчны чиглэлээр, тэр дундаа 2007 оноос хойш хариуцлагатай уул уурхай хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл хөтөлбөрийг манайд хэрэгжүүлж ирсэн юм.
Тухайлбал, Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх төслийн хоёрдугаар үе шат өнгөрсөн оноос эхэлж, бичил уурхайд тохирсон нөхөн сэргээлтийн аргачлал боловсруулсан байна. Тухайн орон нутгийн байгаль орчинд нийцүүлсэн уг аргачлалыг найман сумын 73 га газарт туршиж үзсэн нь үр дүнгээ өгсөн тухай Байгалъ орчны төслийн менежер Жонатан Стэеси салбарын сайдад онцлон дурджээ.
Гол нь уг ажлын үр дүнд бичил уурхайн талбайд нөхөн сэргээлт хийх боломжтойг харуулж байгаа нь ихээхэн ололт гэнэ. Тиймээс цаашид уг аргачлалд үндэслээд бичил уурхайн нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг орон нутгийн удирдлагуудтай хам-тарч хийхээр төлөвлөсөн байна.
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол ч хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх ажлыг бодитой болгох, нөхөн сэргээлт хийх орчин үеийн дэвшилт технологи нутагшуулах чиглэлээр тууштай ажиллахаа хэлээд, талуудын хооронд өмнө нь байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн, үр дүнтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ