Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хоёр хүнд цаазын ял оноолоо

Монголын иргэн Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгт хоёр хүнийг буруутган Малайзын Дээд шүүхээс ялын дээд хэмжээ оноолоо. 2006 онд 28 настай загвар өмсөгч Ш.Алтантуяаг онц хэрцгийгээр хөнөөсөн залуус бол Малайзын сайд, дарга нарын бие хамгаалагчаар ажилладаг цагдаагийн элит ангийн гишүүд байжээ.
Энэхүү хэрэгт тухайн үед Малайзын улс төрийн дээд тушаалтнууд холбогдож нэлээд шуугиан дэгдээж байсан юм. Түүнчлэн 2002 онд Францаас “Scorpene” шумбагч онгоц худалданавсан 1.1 тэрбум ам.долларын гэрээтэй холбоотой асар том авлигын хэргийн сэжүүр ч гарчээ. Учир нь Ш.Алтантуяа нь Малайзын Ерөнхий сайд Нажиб Разакийн ойрын холбоотон Абдул Разак Багиндатай амрагийн холбоотой байсан гэдэг. Францын төрийн өмчит “DCNS” компани Малайзын Батлан хамгаалах яаманд “Scorpene” шумбагч хөлөг худалдаалах гэрээ байгуулахын тулд Абдул Разак Багиндад 114 сая гаруй еврогийн /142 сая орчим ам.доллар/ хахууль өгсөн хэмээн сэжиглэгджээ. Тухайн үед одоогийн ерөнхий сайд Нажиб Разак Батлан хамгаалахын сайд байсан юм.
Шумбагч онгоц худалдан авах гэрээнд оролцсон Ш.Алтантуяагийн цогцос Куала Лампур хотын ойролцоох ойгоос олдсон билээ. Гэмт этгээдүүд бүсгүйг бөглүү ойд аваачин толгой руу нь буудаж хороогоод, цогцсонд С-4 хэмээх тэсрэх бөмбөг хоёрыг бэхэлж, дэлбэлсэн байдаг.
Малайзын улстөрч А.Р.Багинда Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт холбогдож ял сонссон ч 2008 онд цагаатгагдсан юм. Харин Азилах Хадри болон Сирул Азхар Умар нарт 2009 онд анхан шатны шүүхээс цаазаар авах ял оноосон боловч 2013 онд давж заалдах шатны шүүх ялын тогтоолыг хүчингүй болгосон байв. Ийнхүү өнөөдөр эдгээр залуус гэмт хэрэгт буруутай нь тогтоогдож цаазаар авах ял сонслоо.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ