“Авто импекс” ХК-ийн барилгыг эмнэлгийн зориулалтаар өөрчилнө

Засгийн газрын хуралдаанаарэрүүл мэнд, спортын яамны харьяанд 150 ортой Хүүхдийн эмнэлэг байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой барилга байгууламжийг судалж, дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсгийг байгуулан ажиллууллаа.

Уг нь өнгөрсөн 12 дугаар сарын 17-ны өдрийн засгийн газрын ээлжит бус хурлаар Зам, тээврийн яамны байранд Хүүхдийн эмнэлгийг байрлуулахаар тогтсон. Тус байрыг хүүхдийн эмнэлэг болгох нь зөв, учир нь гаднаа машины том зогсоолтой гэсэн санал гарсан. Эмнэлэг байгуулах үйл ажиллагааг хангах бэлтгэлийг эхлүүлж, 2015 оны хоёрдугаар сарын 1-ний дотор бэлэн болгосон байхыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад үүрэг болгоод байсан. Харин Соёл, спорт, аялал жуулчлалын яам байрлаж байсан Засгийн газрын X байрыг Зам, тээврийн яаманд шилжүүлэхээр болсон байлаа.

Тэгвэл одоо ССАЖЯ-ны барилгыг эзэмшил газрын хамт нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж, олсон орлогоор хүүхдийн эмнэлгийн өргөтгөл барих ажлыг зохион байгуулахаар болжээ.

Ажлын хэсэг “Авто импекс” ХК-ийн байр, Зам тээврийн яам, хуучнаар ССАЖЯ, “Монсам” ХХК, Газрын тосны газрын барилгуудыг тус тус судалж үзсэн байна. Эдгээр барилгуудын алинд нь хүүхдийн эмнэлэг байгуулж болох талаар МХЕГ болон ОБЕГ-аас шалгалт хийжээ. Ингээд “Авто импекс” ХК-ийн барилгыг эмнэлгийн зориулалтаар өөрчлөх боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Хүүхдийн эмнэлэг болгохоор яригдаж байсан бусад барилгын тухайд эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн, барилга, байгууламж инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны норм, өрөөний гэрэлтүүлэг зэрэг нь шаардлага хангаагүй юм байна. Иймд өмнө нь яригдаж байсан барилгуудыг хүүхдийн эмнэлэг болгон өөрчлөх боломжгүй гэсэн дүгнэлтийг ажлын хэсэг гаргажээ.

Засгийн газар уг асуудлыг хэлэлцсэн. “Авто импекс” ХК-ийн 49 хувийг нэр бүхий иргэд эзэмшдэг байна. Иймд хүүхдийн эмнэлэг байгуулах асуудал удаашралтай байж магадгүй гэж тэд үзэж байгаа юм.

Ямартай ч Засгийн газраас энэ оны эхний улиралд багтаан хүүхдийн эмнэлгийн өргөтгөл барих ажлыг шуурхайн зохион байгуулах үүргийг Сангийн сайд болон Эрүүл мэнд, спортын сайд нарт даалгажээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ