Нөөцийн махыг энэ сарын 25-наас борлуулж эхэлнэ

Махны үнийг тогтворжуулах, эрэлтийг хангах үүднээс улсаас жил бүр нөөцийн мах бэлтгэн нийлүүлсээр байна. Энэ жилийн хувьд нийт 14 мянган тонн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэхээр болов. Энэ ажлын хүрээнд мах бэлтгэн нийлүүлэх компаниудын нэрс тодорхой болсон юм.

Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд “Баатрууд тэнгэр”, “Мах импекс”, “Ай энд Ди Эм”, “Мах маркет” компаниуд тус бүр 3000 тонн мах нийлүүлэх юм байна. Харин орон нутгийн тухайд, Дархан-Уул аймгийн “Дархан мийт”, Орхон аймгийн “Эрдмийт” компани тендерт шалгарч тус бүр 1000 тонн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх гэнэ. Нөөцийн мах бэлтгэн нийлүүлж буй компанид төрөөс 1 кг мах тутамд 1000 төгрөгийн урамшуулал олгодог бөгөөд дээрх компаниудтай салбар хариуцсан яам гэрээ байгуулсан байна.

Нөөцийн махыг энэ сарын 25-наас борлуулж эхлэхээр болжээ. Одоогоор нөөцийн махны үнийг тогтоогоогүй байгаа юм.

Манай улс жилд 220-240 мянган тонн мах хэрэглээндээ бэлтгэн нийлүүлж байгаагаас орон нутгийнхан 100 мянга орчим тонныг хэрэглэдэг. Харин үлдсэн 120 мянган тонн нь хотынхны хэрэглээ ажээ.

Элбэг ч юм шиг, ховор ч юм шиг нөөцийн мах энэ жил ямар төөрөгтэй байх бол гэсэн асуулт иргэдийн дунд үлдлээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ