Дуусдаггүй баярууд үргэлжилсээр

Шинэ он эхлэнгүүт сар бүр баярууд ээлж дараалан үргэлжилдэг. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр болсон болоогүй тэмдэглэлт өдрүүдийг ёс төртэйгээр өнгөрүүлэх нэрийн дор зугаа, цэнгэл, архидан согтуурал газар авдаг. Үүнийгдагаад гэмт хэрэг, зөрчлийн тоо өссөн гэх баримтыг гавъяа байгуулсан мэт зарлан тунхаглах болно. Энэ бол манай улсын ерөнхий дүр зураг.
Хамгийн түрүүнд энэ жил улс төрийн чанартай тэмдэглэлт өдөр болж өнгөрлөө. Харин нийгмийг өргөн хэмжээгээр хамарсан хамгийн эхний тэмдэглэлт өдөр ирэх сарын 14-ний өдөр болох Валентины баяр байна. Энэ өдөр баар цэнгээний газруудад дараалал үүсч, захиалгад дарагддаг. Ийнхүү залуучуудын нөсөр “шоу”-г залгаад урд хөршид хамгийн их хөрөнгө оруулалт хийдэг сар шинийн баяр болно. Сарын шинийн баяр монголчууд бидний мэнд усаа мэдэлцдэг ёс уламжлалаа дээдэлдэг хамгийн том үндэсний баяр билээ. Гэтэл энэ баяраар “бэлэг” нэртэй хятадын хэрэгтэй хэрэггүй зүйлсийг гараас гар дамжуулж бие биетэйгээ солилцдог. Өгсөн хүндээ ч ичмээр авсан хүндээ ч бараамаар зүйлсийг нэгэндээ бэлэглэдэг ёс уламжлал хэзээ, хэн гэдэг хүнээс гарсныг мэдэхгүй ч жилдээ ганц болдог үндэсний баяраар зах зээл дээр байгаа юм шиг гараас гар дамжин солилцдог “бэлэг” нэртэй эд зүйлсээ халах цаг ирсэн юм шиг санагдах юм. Ерөөсөө цагаан сартай холбоотой бүх зүйл цаагуураа Хятадтай холбогдоод байгаа юм.
Ганцхан цагаан сар ч гэлтгүй гэгээн хайрын тодотголтой валентины баяраар ч нөгөө л урд хөршийн тоглоом, шоколад, бэлэг сэлт гээд бишгүй олон зүйлсэд халаасаа хоосолно, үргэлжлүүлээд сар гаруйхны дараа Мартын найман, Цэргийн баяр болж цэцэг, набор, вино гээд санхүүгээ хүндрүүлнэ.

Энэ мэтчилэн жилд болж буй бүх баярыг өөриймсөг хүлээж авдаг монголчууд хэзээ энэ их ёсорхол, хоосон хийрхэл, нэрэлхүү зангаа хаяж баярлаж, наргидаг баяраа багасгах бол юм бол? Баярлаж, наргих эрх хувь хүний асуудал ч биеэ зовоон олсон багахан хэдэн төгрөгөө бусдын халаасанд хийсээр байгаа нь харамсалтай бус уу?
Эдийн засаг энэ тэндгүй хямарсан энэ үед энэ их баяраа бид багасгачихвал байгууллага, хувь хүний хувьд ч хамгийн зөв шийдвэр баймаар юм. Гэвч сүртэй баярууд сүүдэр татуулан дөхсөөр, сурсан занг сураар боож болдоггүй гэгчээр санхүүгээ умартан сүржин баяруудаа хоног тоолон хүлээсээр...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ