Өнгөрсөн зууны хамгийн гайхамшигтай түүхэн агшин /Фото/

Интернэтийн анхны хатагтай

1973 онд Өмнөд Калифорний их сургуулийн хэсэг эрдэмтэд энгийн фото зургийг тоон системд шилжүүлж харах шаардлага хангасан, тэр тусмаа хэний ч гэсэн анхаарлыг татах дүрстэй тийм зураг хайж байгаад лабораторийн ширээн дээр хэвтэж байсан Плейбой сэтгүүлийн “сарын гоо бүсгүй” зургийг анзаарчээ.

Тэрхүү сонгосон фото зургаа сканердаж, 512 цэгт хувиргасан форматад шилжүүлсэн байна. Энэхүү цоо шинэ туршилтыг хийсэн судлаач эрдэмтэдийн нэг Александр Савчук тэрхүү файлаа Lenna гэж нэрлэжээ.

Плейбой сэтгүүл эхлээд өөрсдийнх нь зургийг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн тэдгээр эрдэмтэдэд зарга үүсгэсэн боловч сэтгүүлийнхээ борлуулалтын ашгийг тооцож үзээд нэхэмжлэлээ татаж авсан байна. Тэр ч байтугай эрдэмтэдийн хийсэн туршилтын тухай сурвалжлага бэлтгэж хүргэсэн нь ихээхэн шуугиан тарьж тус сэтгүүлийн 11 сарын борлуулалт 7 161 561-д хүрчээ.

Нубийн тамирчид

Өмнөд Суданы хилийн дагуу орших Нубийн уул толгодоор амьдардаг “толгодын хүн” нэртэй эдгээр хүмүүс 1000 жилийн өмнө яаж амьдарч байсан яг тэр ахуйгаар өнөө хүртэл амьдарсаар иржээ.

Жорж Рожер өөрийн гэр бүл, эхнэрийн хамт 1947 онд тус нутгаар National Geographic-ийн даалгавраар аялаж явахдаа эдгээр иргэдийн тухай анх сонсож, засаг захиргаанаас фото зургийг нь авах зөвшөөрөл авснаар хэдэн зураг даржээ.

Эдгээр зураг дотор тусгайлан зохиомжлож байгаа авсан зураг багагүй байдаг бөгөөд “Нубийн тамирчид” гэх энэ зураг нь тухайн үед Африкийн нүүр царайг илэрхийлсэн зураг болж байлаа. Сурах бичиг, танилцуулга гэх мэт бүхий сурталчилгааны материалууд дээр зөвхөн энэ зургийг л нийтэлж байсан юм.

Эрх чөлөө рүү хийсэн харайлт

Хоёр өдрийн өмнө босгосон Берлины хана буюу капиталист, социалист нийгмийг тусгаарлагч ханыгхамгаалах үүрэг хүлээсэн Ардчилсан Социалист Германы иргэн 19 настай унтер-офицер Ханс Конрад Шуман өргөс тороор түр орлуулаад байсан хаалтан дээгүүр харайж байгаа нь энэ.

Түүний энэ үйлдлийг хөхүүлэн дэмжсэн “харайгаад гараад ир” гэх уриа, дуудлага баруун талаас нь дуулдаж байлаа. Тэгээд ч зогсохгүй түүнийг хүлээн Баруун Германы цагдаагийн машин хаалгаа дэлгэн 10-хан метрт зогсож байсан юм.

Энэхүү гайхамшигтай агшныг хальснаа буулгаж чадсан хүн бол мөн л 19 настай Холбооны Герман улсын иргэн Петер Ляйбинг юм. Тэрээр: -“би түүнийг ямар нэгэн зүйл хийх гээд сэтгэл санаа нь тогтворгүй байгааг мэдэрсэн. Бараг цаг гаран ажиглаж, хүлээн зогссон юм. Тэр агшин ч ирж, би ч аппартынхаа товчийг дарлаа” хэмээн ярьжээ.

Энэ зураг 1961 онд Overseas Press Club award-ийн “шилдэг зураг” шагналыг авсан юм. Конрад Шуман баруун Берлинд суурьшин амьдарч байгаад тус ханыг нурахад өөрийн төрөлх нутаг Баваридаа эргэж очжээ. Гэвч түүний ах эгч нар түүнээс зугтаж, уулзалдахыг хүсэхгүй байлаа. Тэд түүний тэрхүү үйлдлийг уучилж чадаагүй бөгөөд буруушааж байсан юм. Ингээд энэ бүх сэтгэл зүйн дарамтаас зайлсхийх арга түүнд олдоогүй тулд 1998 оны 6 сарын 20-нд Конрад Шуман өөрийн гэрийнхээ цэцэрлэгт боймилж амиа егүүтгэсэн байна.

Хатан хаан Елизавета II

2007 онд америкийн алдартай фото зурагчин, дэлхийн алдартай, нэр хүндтэй хүмүүсийн хөрөг зургаар мэргэшсэн Лейбовиц Их Британий Нэгдсэн Вант улсын хатан хаан Елизавета II-ийн хэд хэдэн зургийг авчээ.

Алмазаар чимж хийсэн арьсан нөмрөг хэдэрч, алтан цагаан шаргал өнгөтэй үдшийн даашинзаа өмсөөд Букингемийн ордныхоо зочдын Цагаан лавиранд суугаа түүний хөргийг авахдаа зурагчин Үндэсний музейд байдаг Томаса Гейнсборогийн «Королева Шарлотта» хэмээн зургийн зохиомжийг дууриалган авчээ.

Хатан хаан зургаа авахуулахаар орж ирэхдээ: -“би зураг авахуулахын тулд яагаад эдгээр хүнд эдлэл, хувцсыг өдрийн ийм цагаар өмсөх учиртай юм бэ гэсээр гэнэтхэн ороод ирж билээ” хэмээн Лейбовиц дурсан ярьжээ.

Титаник

Британий хойд Ирландийн усан онгоцны үйлдвэрт «Уайт Стар Лайн» компаний зураг төслөөр боссон “Титаник” хөлгийг 1911 оны таван сарын 31-нд усанд буулгажээ. Тэр үед тус агуу том онгоцыг ямарч тохиолдолд далайд живэхгүй хэмээн сурталчилж байлаа.

“Титаник сөнөлөө” гэсэн гарчигтай мэдээ «Нью-Йорк Таймс» сонинд гарсан нь ёстой нэг сенсаац дэгдээж байв.

«Уайт Стар Лайн»-ны оффисын үүдэнд “Титаникийн сүйрэл нь аймшигтай их гарз учрууллаа” хэмээн бичсэн сонин зарж буй 15 настай Нед Парфетт.

“Хар цамцтануудыг тэвэр”

Нэгдсэн хаант улсад энд тэндгүй гудамжны видеокамер суурилуулсныг хэн хүнгүй мэднэ. Тиймээс хууль дүрэм зөрчих дуртай залуучууд юүдэнтэй хар цамцаар ижилсэх болжээ. Энэ хувцас 2006-2007 онуудад тэдний нэг ёсны билэг тэмдэг байсан юм.

Консерватив намын лидер Дэвид Кэмерон энэхүү хувцсыг өмсөхийг хязгаарласан шийдвэрийн дараа энэ асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлээд явж байна. Хэдийгээр түүний хэлсэн үгэнд эдгээр залуусыг өмөөрч, хамгаалсан үг байгаагүй боловч олон нийтийн дунд “Хар цамцтануудыг тэвэр” гэх хэлц үг гарчээ.

Тэрээр 2007 онд Манчестр дүүргийн нэгэн “хүнд” газраар зочилон бөгөөд түүний араас үеийнхэндээ өөрийнхөө юу, яаж чаддагийг гайхуулах гэсэн 17 настай Райан Флоренци хүү “буудаж” байгаа энэ зурагт мөнхөрчээ.

"Норд-Ост"

Мовсар Бараевын ахалсан зэвсэгт дээрэмчид 2002 оны арвансарын 23-нд Москва хотын нэгэн соёлын төвд болж байсан “Норд-Ост” хөгжимт жүжгийг үзэхээр ирсэн хүмүүсийг барьцаалсан хэрэг гарсан юм.

Тэдгээр барьцаалагдсан иргэдийг чөлөөлөх арга хэмжээ тусгай албад, алан хядагчдын хооронд бүтэн 3 өдөр үргэлжилж 130 гаруй хүний амь насаар дууссан ба энд 10 хүүхэд өртжээ. Тусгай албадынхан тус театрийн агааржуулах хоолойгоор “унтуулах” хий цацаж алан хядагчдыг барихаар төлөвлөсөн бөгөөд ямар найрлагатай, хортой хий цацаж байгаагаа өнөө хэр нууцалсаар байна.

Барьцаанд байгаа иргэдийг чөлөөлөх явцад 5 алан хядагч буудуулан хороогдсон бөгөөд бусад нь арга хэмжээ дууссаны дараа хийнд хордож үхжээ.

Гадаад, дотоодын хэвлэл, мэдээллийнхэнд энэхүү ажиллагаа хаалттай байсан болвч “Sunday Telegraph” сонины Жастин Сатклифф барьцаанаас чөлөөлөгдөж автобусанд ухаангүй байгаа нэгэн бүсгүйн зургийг дарж амжсан байна.

Тэрээр энэ зургаараа 2003 оны World Press Photo-ийн шагнал хүртсэн ба зурагт буусан бүсгүйг эрж олох ажил нь бүтэл муутай болжээ.

Жесси Оуэнс

1936 оны наймдугаар сарын 1-16 өдрүүдэд Берлин хотноо зохион байгуулагдсан зуны 11-р олимпын 4 алтан медалийн эзэн хар арьст Жесси Оуэнс Хитлерийн сурталчилж байсан арьс өнгөөр ялгаварлах үзэлд томоохон цохилт өгсөн юм. Хитлер өөрийн суртал ухуулгад энэхүү олимпийн арга хэмжээг ашиглахыг хүссэн боловч уралдаан тэмцээнийг эфирээр шууд дамжуулж байсан тул хар арьст Жесси Оуэнс тамирчны амжилтыг яаж ч чадаагүй.

Теннисчин бүсгүй

70-аад оны Английн секс зургуудын нэг. Энэ зургийг 1976 оны есдүгээр сарын эхээр зурагчин Эллиотт авчээ. Зураг дээрхи бүсгүй бол түүний найз 18 настай бүсгүй Фиона Батлер юм.

Фиона теннис тоглодоггүй байсан ба зураг дарах тэр агшинд банзлын хормойгоо жоохон сөхөж дотуур ... –гүйгээ харуулсан нь маш их шуугиан тарьжээ. Харин Арт-ритейлер Athenа энэ зургийг Елизавета II-ийн мөнгөн хуриманд зориулж гаргасан хуанлидаа ашигласан нь 2 сая гаруй хувиар борлогдсон байна.

Эдгээр ашиг, орлогоос бүсгүйд нэг ч цент өгөөгүй юм. Гэвч Фиона нэгэн саятантай гэрлэж аз жаргалтай амьдарч байгаа ажээ. Тэрээр энэ зургийг даруулсандаа ичиж зовдоггүй тухайгаа дурсан ярьж байна.

1963 оны арваннэгдүгээр сарын 22 өдрийн сонины гарчиг

LIFE сэтгүүлд Карл Майданс 36 жил ажилжээ. Тэрээр тус сэтгүүлд фотографаар ажиллаж байсан юм. Түүний “Нацистуудтай хамтран ажиллаж байсан Франц бүсгүйг шийтгэсэн нь”, “Санто-Томас шоронгоос суллагдагсад”, “Миссури” хөлөг дээр үг дуугүй бууж өгөх гэрээнд Япончууд гарын үсэг зурлаа”, 1948 оны Японы Фукукид болсон газар хөдлөлт” зэрэг алдартай зурагнууд байдаг. Энд үзүүлж буй зураг бол АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедигийг буудан хороосон өдрийн маргаашийн сонины шинэ дугаарыг уншиж буй зорчигчдын зураг юм.

Альфред Крупп

NEWSWEEK сонины редакцаас өгсөн даалгаврын дагуу олны танил бизнесмэн Альфред Крупптэй уулзахаар Арнольд Ньюман тохирчээ. Альфред Крупп бол зэвсэг үйлдвэрлэж түүнийгээ нацистуудад нийлүүлж байсан цэргийн гэмт хэрэгтэн гэдгээрээ алдартай этгээд юм.

Арнольд Ньюманыг еврей гэдгийг мэдмэгцээ Крупп уулзахаас татгалзсан тул Ньюман түүнд өөрийгөө еврей биш гэдгийг нотлохын тулд хажуу талаас авахуулсан өөрийнхөө фото зургийг илгээж, гаргасан шийдвэрээ эргэж харахыг ятгаж чадав. Түүний зургийг үзээд Альфред Крупп шийдвэрээ өөрчилж цэргийн олзлогдогсдын хүч хөдөлмөрийг мөлжиж байсан өнөөх “Эссен” зэвсгийн үйлдвэрийнхээ байранд ярилцлага хийж зургаа даруулахыг зөвшөөрчээ.

Ньюманыг анх удаа амьдаар нь харсан Альфред Крупп галзууртлаа уурласан боловч бүх зүйл болдгоороо болж өнгөрсөн байлаа. Харин Ньюман: -“би бол еврей, энэ явдал хонзонгоо тайлах миний өчүүхэн арга, заль байлаа” хэмээн хэлжээ.

Баяр жаргалын дэлбэрэлт

Вьетнамын дайн төгсөж гэртээ ирж буй цэрэг эрсийг угтан авч буй “Баях жаргалын дэлбэрэлт” хэмээн энэ зураг Слава Ведерт Пулицерын нэрэмжит шагнал авчирсан юм. Энэ зургийг 1973 оны гурван сарын 17-нд Трэвис цэргийн бааз дээр авчээ. Хойд Вьетнамчуудад баривчлагдаж 5 жил хоригдож байгаад дайны төгсгөлд суллагдсан АНУ-ын зэвсэгт хүчний дэд хурандаа Роберт Л.Стирмийг гэр бүлийнхэн нь тосон авч байна.

Зургийн төвд аавыгаа алгаа дэлгэн тосч буй 15 настай Лорри байх ба түүний ард гэр бүлийнхэн нь ирцгээж байна. Гэвч энэ гэр бүлийнхэн тийм ч их аз жаргалтай байсангүй. Тус уулзалтаас 3 хоногийн өмнө дэд хурандаа эхнэрээсээ гэр бүлээ цуцлуулах тухай мэдэгдсэн захидал хүлээж аваад байлаа. Ингээд тэд 1974 онд гэр бүлээ цуцлуулсан байна.

Энэ зураг бүх ард түмний баяр баяслын илэрхийлэл болж байсан боловч өнөө болтол Роберт Стирм энэ зургаа гэртээ өлгөсөнгүй. “Энэ мөчийг харах хүч тэнхээ надад алга” хэмээн тэрээр дурджээ.

Хулуу худалдан авч буй гал сөнөөгч

“American prospect” гэх хот хоорондын автозамын дагуу зарагддаг нэгэн сэтгүүлд маш хачирхалтай “чөтгөр”-ийн гэмээр зураг хэвлэгдсэн байлаа. Шатаж буй фермийн галыг унтраахаар ирсэн бололтой гал сөнөөгч маань маш тайван хулуу авч байгаа зураг.

Энэ зургийг өөрийн Фольксвагенаар тус газрыг өнгөрч явсан зурагчин Жоэль Стернфельд даржээ. Хэдийгээр энэ тохиолдолд асч буй түймэр, галынхан зэрэг нь бодит үнэн боловч гал сөнөөгчдийн ээлжит дадлага, сургуулилт болж байжээ.

Зурагчин энэ зургаа эхлээд LIFE сэтгүүлд тавьсан бөгөөд дараа нь бусад олон сэтгүүл, фото зургийн үзэсгэлэнгээр дамжиж олны дунд хоёр төрлийн сэтгэгдэл үлдээв.

Харин Жоэль 2004 онд “The Guardian” сонинд өгсөн ярилцлагадаа: -“фото сурвалжлагчид өөрсдийн авсан зургаа яаж ч тайлбарлаж чадна. Зэрэгцээд зогсож байгаа хоёр хүний зургийг авахдаа зүүн хажуу талд нь хэвтэж байгаа орон гэргүй хүн, эсвэл баруун талд нь болж буй хүн амины аллагын зургийг кадртаа оруулахгүйгээр авч болно. Та 360 градусаас зөвхөн 35 градусыг нь ашиглаад түүнийгээ фото зураг гэж нэрлэж чадна. Ер нь бол зураг авах эцэс төгсгөлгүй олон арга байдаг. Фото зурагчин гэдэг өөрөө зохиогч нь байхыг хэлнэ” гэж онцлон тэмдэглэсэн юм.

#ff0000;">PHOTO#000000;">NEWS.MN

СЭТГЭГДЭЛ БИЧИХ