"12" төсөл эхэллээ

Монголын утга зохиолын салбарын төлөөлөгчдийн хөрөг зургийн “12” гэрэл зургийн үзэсгэлэн Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нээгдлээ. Энэхүү үзэсгэлэн нь “12” төслийн хүрээнд хийгдэж буй анхны үзэсгэлэн юм. Уг төсөл нь гурван үе шаттайгаар хэрэгжих бөгөөд нийт хоёр жилийн хугацаанд хэрэгжих ажээ. Төслийн гол зорилго нь аливаа улсын оюуны болон шинжлэх ухаан, урлаг соёлын салбарыг авч явдаг эрдэмтэн мэргэд, зохиолчид, судлаачид зэрэг зүтгэлтнүүдийн хөрөг зургийг буулгаж, ард түмэндээ, ирээдүй хойч үедээ тэдний бүтээлийн хамтаар таниулах явдал юм.
Анхны сэдэв нь “Монголын утга зохиолын төлөөлөгчид” байсан бол дараагийн хоёр сэдэв нь “Шинжлэх ухааны эрдэмтэд”, “Соёл урлагийн төлөөлөгчид” юм. Гадны соёлд хэт автаж буй энэ цаг үед хүүхэд багачуудад зориулж өөрийн орны сор болсон хүмүүсийн хөргөөр аймаг орон нутгийн сургуулиудын утга зохиол, соёлын тэнхимүүдийг тохижуулах юм байна. Түүнчлэн бүтээлийг нь танилцуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Хөрөг зураг гаргахын ач холбогдол нь хүний хамгийн гол дурсамж нь визуал мемори буюу харсан юмаа ойн санамжиндаа буулган хадгалах замаар бий болдогт оршиж байгаа юм. Тиймээс төслийг санаачлагч “Улаанбаатар” гэрэл зургийн газар нь энэхүү ажлыг хэрэгжүүлж, хойч үедээ өөрсдийн ажил үйлс, мэргэжлээрээ бага ч гэсэн хувь нэмрээ оруулахыг зорьж байгаа гэлээ. Ингэснээр хүүхдүүд монголын утга зохиолын алдартан, суутнуудыг харж, сэтгэлдээ хоногшсон зохиолыг нь уншиж, уг зохиолч маань ямар дүр төрхтэй хүн байсныг мэдэх боломжтой болно.
Энэхүү төслийн хүрээнд Тува, Халимаг, Буриад, Өвөрмонголчуудад Монгол Улсын шинжлэх ухаан, утга зохиол, урлаг соёлыг таниулах ажлыг мөн өрнүүлэх ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ