Таван тэрбум долларын сураг

Өчигдрөөс эхлэн хэвлэлүүдээр таван тэрбум ам.долларыг Монгол улсад санал болгож буй гадны баян компанийн тухай мэдээлэл гарч эхэллээ. Хачирхалтай ч гэмээр, тэгсэн хэрнээ ядуу буурай мөнгөгүй орныг илт дээрэлхэж, их мөнгөөр тулган шаардаж байгаа мэт санагдсаныг нуух юун.
"TBF International group" гэх компани Англид бүртгэлтэй хэдий ч АНУ, Хонконг, Хятадын хөрөнгө оруулагч нар эзэмшдэг аж.
Хот төлөвлөлт, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхай, эрүүл мэнд, аялал жуулчлал гээд бүхий л салбарт үйл ажиллагаа явуулдаг энэ аварга компани манай улсад шууд 5 тэрбум ам.доллар санал болгожээ.
Хятадад уламжлалт аргаар бизнес хийх аргагүй болсон тул Монголд үйл ажиллагаа явуулж улмаар дээр дурдсан бүхий л салбарт гар бие оролцох гэнэ. Ингэхдээ Хятад болон Монгол улсын тодорхой хэсгийн хэрэглээг хангахад чиглэсэн үйлдвэр барина гэдэг нь мөн л эргэлзээтэй, учир битүүлэг өгүүлбэр. Хятад улсын яг ямар хэрэгцээг, Монголд ямар үйлдвэр барьж хангах вэ?
Энэ асуултын хариуг үлдээгээд 5 тэрбум ам.доллар Монгол улсад өгсөнийхөө хариуд тэдний юу хүссэнийг уншигчдадаа сонирхуулая.
Энэ компанийн төлөвлөгөөгөөр бол Монгол Улсын Засгийн газарт “TBF Интернэшнл Групп” Тавантолгойн орд газрын 900.0 сая тонн нүүрсийг худалдах эрхийг авч нүүрсний үнийн төлбөрт 5.0 тэрбум ам.долларыг урьдчилан төлнө. Засгийн газар дээрх хөрөнгө оруулалтаас 2.0 тэрбум ам.долларыг Чингис бонд, Чалкод төлөх өр болон бусад өрийг төлнө. Үлдсэн 3.0 тэрбум ам.долларыг Засгийн газраас жилд 6-10 хувийн хүүтэй зээлж зээлсэн мөнгөөрөө Тавантолгойгоос урд хил хүртэлх төмөр зам болон авто замыг барих мөн Монгол улсын дотоодын компанитай хамтран хамтарсан компанийг байгуулж сан байгуулж олон улсын санхүүгийн зах зээлээс 3.0 тэрбум ам.доллараа Монгол улсад хэрэгжүүлэх аж үйлдвэрийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхийн зэрэгцээ 30.0 тэрбум ам.долларын хөрөнгийг босгох боломжтой гэнэ.
Мөн "TBF International group"-ын хүсээд байгаа 900 сая тонн нүүрсийг худалдах эрхийг яагаад албан ёсоор тендерт нь оролцож шударгаар өрсөлдөж аваагүй шалтгаанаа ийн тайлбарлажээ.
“TBF ИНТЕРНЭШНЛ ГРУПП” нь Тавантолгойн тендерт оролцохоор тендерийн бичиг баримтыг боловсруулан тендерийн материалыг Монгол талын хамтрагчаар хүргүүлэхээр тохиролцон өгч явуулсан боловч уг этгээд бидний тендерийн саналыг зохих газарт нь хүргэж өгөөгүйн улмаас бид оролцох боломжгүй болсон."
Олон улс дамнасан асар том корпорацийн хувьд санал болгосон бичиг нь зохих газраа хүрээгүй гэх хариуцлагагүй шалтгааны улмаас тендерт оролцож амжаагүй гэх нь бараг л боломжгүй мэт.
Ингээд ямар ч тендерийн шаардлагагүйгээр Таван толгойн орд газраас 900 сая тонн нүүрсийг борлуулах эрхийг эмзэг цэгт нь цохилт хийснээр авна хэмээн уг компани тооцоолсон бололтой.
Үнэхээр Монгол Улсад ашигтай санал тавьж томоохон бүтээн байгуулалтуудыг өрнүүлэх гээд байна уу, аль эсхүл өөр санаа байна уу гэдэг эргэлзээ тайлагдтал хэдий хэр хугацаа орох болоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ