Хакухогийн амжилт 40 түрүүгээр ч тогтохгүй

Монголын төдийгүй Японы спортын түүхэнд тодоор бичигдэж үлдэх нэгэн үйл явдал болоод байна. Энэ бол Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо Мөнхбатын Даваажаргал 121 сая хүн амтай тус улсын бүх цаг үеийн түүхэнд хэний ч гишгэж чадаагүй өндөр амжилтын босгыг алхан орсон явдал юм.

Тэрээр мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 33 дахь удаагаа түрүүлснээр Их аварга Тайхогийн тогтоосон дээд амжилт буюу 32 удаагийн түрүүг давж чадлаа. Давах давахдаа нэг ч унаагүй 15 даваатайгаар Хацү башёг эзэгнэж суу алдраа түүхэнд мөнхөлж байна.

Анх Кёкүшүзан Д.Батбаяр "мэхний их дэлгүүр" хэмээгдэн Монгол үндэсний бөхийн гайхамшгийг арлын орны иргэдэд бишрүүлсээр сүмогийн ертөнцөд шан татсан тэр цагаас хойш ахархан хугацаанд бидний дундаас 4 их аварга тодорсон нь бага амжилт биш. Сүмо бөхийн түүхэн дэх сүүлийн дөрвөн аварга нь бүгд монголчууд гэхээр бахдал баяслын дээд гэмээр.

Асашёорюү Д.Дагвадоржоос эхэлсэн их эзэгнэлийн цаг үе өнөөдөр Какүрюү М.Анандаар өртөөлөн үргэлжилсээр, Хакухо М.Даваажаргал маань ямар ч япон сүмочийн хүрч байгаагүй өндөрлөг оргилыг эзлээд байна. Энэ амжилт цаашаа ч үргэлжилнэ. Их аварга Хакухо М.Даваажаргалд дахин хоёр жилийн түрүү магнай буюу 12 башёд дор хаяж түрүүлэх боломж бий хэмээн гайхаш тасарсан япончууд хэвлэлүүдээрээ дамжин мэдээлж байна. Тэгэхээр 33 түрү цаашид өлхөн 40 хүрнэ хэмээн япончууд тооцоолжээ. Харин энэ амжилтад эвдэх цагийг эзэлсэн их аварга Японд төрөх болов уу даа.

Мөн түүнтэй Японы эзэн хааны цомыг хүртэхээр өрсөлдөж байгаа энэ цаг үеийн бүх өрсөлдөгчид нь монголчууд гээд бодоход ойрын жилүүдэд тийм сураг ч үгүй болох аж.

Өнөөдөр Ёкозүна Хакухо М.Даваажаргалын эзэн хааны цомыг 33 дахиа өргөх үедээ хэлсэн үгийг хэвлэлүүд онцолж байна. Тэрээр “Тайхо аваргын 32 түрүүг давж ачийг нь хариулж чадсандаа баяртай байна. 13 дахь өдөр түрүүлчихсэн учраас үзэгчдээсээ уучлалт гуйя. 15 өдөр нэг ч өдөр амралгүй зүтгэсэн. Бурхан намайг хүлээн зөвшөөрсөн учраас ийм амжилтад хүрлээ гэж бодож байна. Одоо өөр зорилго байхгүй, зодог тайлдаг ч юмуу гэж бодсон. Одоо сайхан амраад дараагийн зорилгоо олноо. Хүчирхэг эрийн ард ухаантай эмэгтэй байдаг юм шүү гэж хэлмээр байна. Намайг дэмжиж байсан ухаантай эхнэртээ баярлалаа. Тооны хувьд Тайхогийн амжилтыгдавсан ч сэтгэлзүйн хувьд болоогүй байж магадгүй гэж бодож байна” гэсэн юм.

Талын монголын суу ухаанаас гарсан үг энэ бөлгөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ