Занданшуулсан шарилыг хууль бусаар өндөр үнээр худалдаалах гэж байжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс ширэнд боодолтой эрэгтэй хүний занданшуулсан шарил олдсон хэрэг олны анхаарлыг татаж байна. Тодруулбал, ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт эртний хүний занданшуулсан олдворыг нууцаар өндөр үнээр худалдаалах гэж байгаа гэх мэдээлэл ирсэн байна.
Мэдээллийн дагуу тус хэлтсээс шалгалт явуулахад занданшуулсан шарилыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зөөвөрлөж авчирсаныг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа аж.
Улмаар уг занданшуулсан шарилыг эд мөрийн баримтаар хураан авч, ШШҮХ-нд хадгалуулахаар өгчээ. Мөн шарилыг худалдах гэж байсан этгээдийг тогтоосон байна. Уг шарил нь очир завилгаар суулган зүүн мутрыг тэгш агуулсан баруун мутрыг цээжиндээ ном номлохын сутартайгаар зохих журмын дагуу сайтар занданшуулсан шарил байна гэж бурханч лам Г.Пүрэвбат гуай хэлжээ.
60х47х58 см хэмжээтэй эртний хүний занданжуулсан шарилыг тус хороонд оршин суух45 настай эрэгтэй Э гэгч хашаандаа тунгалаг наалдамхай хальсаар битүү ороож,нууж байжээ. Түүхийн үнэт өв устаж үгүй болохоос урьдчилан сэргийлэх ажил үүргээ сайн гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчдад иргэд ам сайтай байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ