Үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн хоёрдугаар сарын 4-нийг хүртэл үйлдвэрийн үнээр борлуулагдана

Хэвийн боовноос “Суман гүн”-ий Өлзий боов аргагүй ялгарч байв
Сар шинийн баяр арав гаруйхан хоногийн дараа болох гэж байна. Гадуур баярын бэлтгэл ажил хэдийнээ эхэлжээ. Олон газар үзэсгэлэн худалдаа болж байна. Энэ дундаас Аж үйлдвэрийн яамнаас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор зохиож буй “Мишээл экспо”д өчигдрөөс эхэлсэн үзэсгэлэнг онцолмоор байна.
Учир нь Аж үйлдвэрийн яам буюу төрөөс дэмжлэг үзүүлж түрээсний зохих үнийн хөнгөлөлтийг ирүүлсний дагуу оролцогч аж ахуйн нэгжүүд хамгийн хямд үнээр бүтээгдэхүүнээ ард түмнийхээ гар дээр худалдаалах боломжтой гэсэн үг. Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг нэг дороос сонголтоо хийж үнийн хувьд хаана ч байхгүй хямдаар авчих боломжтой болохоор үзэсгэлэн эхэлсэн анхны өдөр гэхэд хүн пиг байв.
Юуны өмнө цагаан сарын өнгө зүс болдог гол бүтээгдэхүүн болох хэвийн боовны өнгийг шинжлээ. “Суман гүн”, “Талх Чихэр”, “Өгөөж” зэрэг хэвийн боовны олон үйлдвэр таницуулгаа хадаж бүтээгдэхүүнээ амталгаанд дэлгэсэн харагдана. Улаанбаатархотын нийт хэвийн боовны үйлдвэрлэлийн зах зээлийн дийлэнхийг хангадаг гэх Өлзий нэртэй хэвийн боовны худалдаанд хошуурч байхтай таарсан юм.
“Суман гүн трейд” ХХК-ийн Өлзий хэвийн боов нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 5-ныг хүртэл урамшуулалтай, хямдралтай зарагдах аж. Нэг хэвийн боов 2300 төгрөгөөс 2000 төгрөг болон хямдарчээ. 15, 21 ширхэг хэвийн боов тутамд нэг ширхэг суурь еэвэн бэлгэнд ирэх юм байна. ХХААХҮЯ-наас Хүнсний салбарын шилдэг бүтээгдэхүүн гэх өргөмжлөлийг хэвийн боов хийдэг аж ахуйн нэгжээс ганц “Суман гүн” л хүртэж байсан удаатай гэнэ.
Эднийхийг Монголын хүнсчдийн холбооноос “Ард түмний хүнс” гэх нэр хүндтэй өргөмжлөлийг хүртээж байсан тухай танилцуулгаас харав. “Суман гүн трейд”-ийн худалдагчын ярьж буйгаар “Манай Өлзий хэвийн боовыг ард түмэн маань мэднэ. Бид ч жил бүр Өлзий хэвийн боовны амт, чанарыг алдахгүй улам сайжруулж хийхийг зорьдог” гэж ярьж байв.
Худалдан авалт хийж буй эрхэмээс асуухад “Шар тос, цагаан өрмөөр багсарч үйлдвэрлэдэг юм байна лээ. Олон түмэнд танигдсан. Амт сайтай болохоор жил болгон Өлзий хэвийг боовыг аваад хэвшчихсэн. “Мишээл экспо”-гоос авдаг нь учиртай. Энд яг үйлдвэрийн үнээрээ борлуулагддаг юм” гэж хэлж байв. Үнэхээр олон олон хэвийн боовны үзэсгэлэн худалдаанаас “Суман гүн трейд”-ийнх сав баглаа шошгоноосоо эхлээд сэтгэл татам, аргагүй л ялгарч харагдаж байсан юм. Хэвийн боовноос гадна банш, буузыг кг-аар савласан харагдах бөгөөд цагаан идээ ааруул өрөм гээд ууцнаас бусад бүгд л үйлдвэрийнхээ үнээр зарагдаж байна. Монголчууд маань ноос ноолуураар төрөл бүрийн хувцас хунар хийх төрөл нь улам олширч байгаа бөгөөд компанийн нэрийг нь тоочихын аргагүй олон үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд нүд алаглана. Хонины ноосон ороолт хамгийн хямддаа 15 мянга гэж байгаа бол ноолууран ороолт 40-80 мянга гэж бий. Цагаан сарын бэлгэнд ороолт, оймс, бээлийн зэргийг их авдаг бололтой. Оёмол бүтээгдэхүүний бэлдэцийн үйлдвэр гэхэд Төв аймгийн Зуунмод сумаас ирж оролцож байгаа аж. “Уран текстайл” ХХК 100 хувийн хөвөн даавуугаар ширмэл гудас, хөнжил, хүүхдийн өлгий, орны бүтээлэг зэргээ дэлгэн тавьжээ. Тэднийх Солонгос улсын технологиор зөөлөн эдлэлийн оёмол ширмэл хийх бөгөөд чанараараа хэдийнэ танигджээ. Сар шинийн баяр, хурим найр болдог үеэр хөнжил, гудас маань их эрэлттэй болдог гэж ярьж байна. Арьсан цүнх, гутал, бүс хийдэг компаниуд олон бий. Арьсан гоёлын тоногтой бүс 1.3 сая төгрөгийн үнэтэй дуулдав. Дээлэн дээр өмсөх гутал жирийсэн харагдах ч монгол дээл тийм ч олон үзэгдсэнгүй.
Дээл гэдэг тухайн хүндээ захиалж байж таарч байж донжийг олдог болохоор бэлэн оёсон дээл цөөхөн байгаа бололтой. Харин үндэсний хэв маяг загвартай ноос, ноолууран палааж, хантаазнууд загвар загвараараа байна шүү. Дандаа л монголын бүтээгдэхүүнүүд дэлгэгджээ. Дорноговиос ирсэн цай, Хөвсгөлийн загас, Увсын чацаргана гэх мэт аймгуудаас их ирж оролцож байна. Монгол адууны яснаас гаргаж авсан яс төлжүүлэгч кальци хэмээх бэлдмэл анхаарал татсан юм. “Монхимо” Багануурт байдаг үйлдвэр адууны яснаас кальци гаргаж, уг бүтээгдэхүүн нь шинжлэх ухааны академийн шагнал хүртэж байжээ. Ясны сийрэгжилт гэж яригдах болсон үед америк, оросын бэлдмэл, кальци хэрэглэж байхын оронд монголынхоо хөрс, монголынхоо адуунаас гаргаж авсан кальцийг хэрэглэх нь илүү чанарлаг юм уу даа гэж санагдахаар. Цагаан сарын бэлгээ авахаар ирсэн хэнбугай ч эндээс сонголтоо хийгээд явах боломжтой болжээ. “Мишээл экспо”д үзэсгэлэн худалдаанууд тасралтгүй үргэлжилдэг. Харин энэ удаагийн үзэсгэлэнгийн голонцлог бол яамнаас дэмж¬сэн учир нэг лангууны түрээсийн үнийг лав 50 хувиар чөлөөлжээ. Аж ахуй нэгж, жижиг дунд үйлдвэрийнхэн маань түрээс багатайгаар ард түмэндээ өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулчих боломжийг олгосноороо энэ үзэсгэлэн хаа хаанаа хэрэгтэй, ач тустай болж байна гэж санагдсан. Иргэд ч үзэсгэлэн худалдаанд ам сайтай байна.Нэг лангуунд хоёр, гурван ч аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ зэрэгцэн дэлгэсэн харагдах бөгөөд түрээсээ ч хувааж төлөх боломжтой бололтой. Хэдийгээр бага түрээстэй гэх ч жижиг дунд үйлдвэрлэл дэмжлэгийн дор түрээсээс чөлөөлөгдөж буй аж ахуйн нэгжүүд ч бий бололтой. Ямартаа ч монголын бүтээгдэхүүнд сар шинийн бэлгэнд нүүр улайхааргүй, олон төрлийн сонголтоороо харагдаж байна. Үндэснийхээ баяраар үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж бас хүнд хэрэгтэй бэлэг өгье гэвэл “Мишээл экспо”-г зориорой гэж хэлье.
Д.ОДМАА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ