Импортын бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц “Еxclusive” монголын брэндийг Европт нийлүүлнэ

2000-аад оны үед монголд зөөлөн оёдол буюу оёдлын үйлдвэрүүд цахиур хагалж байлаа. Залуухан охидтой танилцаад хаана ажилладгийг нь асуухад “Оёдлын үйлдвэрт ажилладаг” гээд л ажилтай, орлоготой хүний дүрээр цаанаа л бардам, тов хийтэл хариулдаг сан. Тэр үед “Тэмүүжин менч” гэх мэт нийслэлийн үйлдвэр комбаниатад байх 10-аад давхар байшинг бүхэлд нь эзэгнэсэн бийлэгжүү үйлдвэрээс эхлээд подваль, орон сууцанд хүртэл оёдлын үйлдвэрүүд цэцэглэж байв. Гэм нь бүгд хятадын хөрөнгө оруулалттай, хятад эзэдтэй үйлдвэрүүд байсан юм даг.

Үүний учир тун энгийн. Тухайн үед БНХАУ Дэлхийн худалдааны байгууллагад элсээгүй учир элдэв худалдааны хориг, дарамт шахалтад байнга өртдөг байлаа. Иймээс оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнээ Америк, Европ, тэр байтугай Азийн өндөр хөгжилтэй орнуудадгаргахад ч хүндрэлтэй, тодорхой хэмжээний квоттой байжээ.

Харин монголоос бол тэд хүссэн хэмжээгээрээ дэлхийн зах зээл дээр бүтээгдхүүнээ гар­гах боломжтой байв. Өөрөөр хэлбэл монголын нэр төр, ажиллах хүчнийг ашиглаад дэлхийн зах зээлд оёмол бүтээгдэхүүнээ гаргадаг байсан гэсэн үг. Загвар, брэнд, түүхий эд нь хятадынх, бүтээгдэхүүн нь монголынх. Гэтэл БНХАУ дэлхийн худал­дааны байгууллагад элсч, өөрсдөө бүтээгдэхүүнээ дэл­хийн зах зээл дээр квотгүй гаргадаг болсноор хятадууд хөрөнгө оруулалтаа татаж, цэцэглэн мандаж байсан оёд­лын үйлдвэрүүд нэг л өдөр ширүүн мөндөрт цохиулсан цэцгийн мандал лугаа үгүй болжээ.

Оёдлын үйлдвэрт ажиллаад хөөрхөөн цалин авчихдаг байсан монгол охид нэг л өдөр гудамжинд гарч зарим нь зөөгч, бармен хийсэн шиг, зарим нь буруу зам руу хал­тираад л замхарч гэнэ. Хятадууд гарч явлаа ч энэ биз­несийг цааш нь монголдоо хөгжүүлээд явах “Монгол толгой” байсангүй. Одоо оёд­лын үйлвэрүүд 2000-аад оных шиг дахин сэргэн мандвал ажиллах хүч манайд мөн ч их байна даа.

Польш орон бизнесийн санаа өгсөн

Ийм нэгэн өөдрөг үйлсийг түүчээлэн яваа монгол бүс­гүйг Г.Майцэцэг гэдэг. “Еxclusive” нэрийн дэлгүүр, оёд­лын үйлдвэрийн захирал. Хань­тайгаа хамт “Еxclusive” брэндийг анх бий болгожээ. Нэгэн цагт эмч нар Польш улсыг зорьж мэргэжлээрээ ажиллах нь их байж. Майцэцэгийн ээж ч мөн адил эм­чийн мэргэжлээрээ Польшт ажиллахаар болж 13 настай жаа­хан охин ээжийгээ даган Поль­шийг зорьсон байна. Польшт бага, дунд сургуулиа дүүргэж Польш улсдаа олон улсын зах зээл судлалын чиг­лэлээр мэргэжил эзэмшсэн гэнэ.

Польш гэдэг бол арилжаа наймааны орон гэгддэг. Тэнд өр­хийн үйлдвэрлэл, ялангуяа зөөлөн оёдол маш их хөгжсөн. Майцэцэг ч оюутан байхдаа арилжаа наймаа хийж, сургууль соёлынхоо төл­бөрийг олдог байсан. Хамгийн гол нь бизнес эхлэх санаа­г­аа олсон гэх. Түүний хань Германд хув­цасны дизайны чиглэлээр мэргэжил эзэмшжээ. Улмаар ханьтайгаа хамтран “Еxclusive” брэндийг бий болгож Польш улсад үйлд­вэрээ байгуулж, нэрийн бараагаа зах зээлд гаргажээ. “Хувцасны цоо шинэ брэнд бий болгож, үйлдвэрээ байгуулан, зах зээлд бүтээгдэхүүнээ гар­гахад хань маань л голлож ажилласан” хэмээн Майцэцэг ханийгаа магтана лээ.

Гэвч будант Европт нэг ази бүсгүй өөрийн брэндийг гаргаад, амжилттай ажиллах нь нутгийн эздэд тийм ч таатай байгаагүй биз. Дээр нь Майцэцэгийн эх орноо гэх сэтгэл, үндсэрхэг үзэл ч хөдлөөд байжээ. Сурсан мэдсэнээрээ улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэрээ оруулчих юм сан гэсэн дэв­рүүн бодол ч байж. 13-тай­даа гарсан эх орондоо ирж нутагшин, эх орон нэгтнүүдээ ажлын байраар хан­гаж, монголчуудаа бараа бүтээгдэхүүнээрээ гоёх нэг чин хүсэл огшоод байсан хэрэг.

Ингээд 2002 оноос 2008 он хүртэл Польшт үйлдвэрээ ажиллуулж байгаад 2009 оны эхээр монголдоо ирсэн гэнэ. Хүний нутагт олон жил ажиллаж, амьдраад ирэхээр өөрийн эрхгүй эх оронч үзэл бий болдог. Учиргүй монгол дээл хувцас өмсөөд явахгүй ч үндсэрхэг үзэл, ялангуяа мон­голын төлөө гэсэн зүрх маш их хүчтэй цохиолдог юм шиг санагддаг.

Дорой буу­рай байгаад нь маш эм­зэг­лэдэг юм билээ. Хүний нутагт хүүхэд наснаасаа ямар нэгэн асуудалгүй, хууль ёсоор нь амьдраад, хич­нээн дарга захирал байсан ч гадны хүн бол амьгүй эд зүйл шиг. Гадны хүн энэ үйлдвэрийг ажиллуулж бай­гаа гэдэг утгаараа нэг их айх­тар гадуурхагддаггүй юм аа гэхэд тиймэрхүү мэдрэмж өөрийн эрхгүй төрдөг. Харин эх орондоо бол эрх чөлөө гэд­гийг бүрэн дүүрэн мэдэрдэг юм билээ хэмээн Майцэцэг ярьсан юм.

“Еxclusive” гэдэг нь “дээд зэргийн, тансаг, чанартай” гэсэн үг

Түүний яриаг дор нэмэлт хачиргүй хүргэе. Тэрээр ингэж ярьсан юм.

-Оёдол гэдэг багийн тог­лолт байдаг. Миний ард маш том баг ажиллаж байдаг. Манай үйлдвэр бол масст зориулагдсан үйлдвэр. Анхнаа­саа бид монголд оёмол бүтээгдэхүүнийг бодит үнэд хүр­гэхийн төлөө ажиллаж ирсэн. Польшоос монголд ирээд харахад бид өөрсдөө үйлдвэрлэдэггүй, хэрэглэгч улс болчихсон дүр зураг харагдсан.

Үнийн хөөсрөлт маш их байсан. Гаднаас авч ирээд нэг хоёр нугалаад зарах жишээний. Хамгийн гол нь өөрсдөө үйлвэрлэж, өөрсдөө өрсөлдөж байж хамгийн бодит, хямд үнийг бий болгох ёстой. “Еxclusive” гэдэг үгийг монголчилвол “дээд зэргийн, тансаг, чанартай” гэсэн үг. Үнэхээр ч манайбүтээгдэхүүн нэрэндээ таарсан дээд зэр­гийн тансаг, чанартай бас хамгийн бодит хямд үнэтэй. Польшт үйлдвэрлэл явуулж байхдаа масс оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Өөрөөр хэл­бэл олон нийтэд түгсэн брэн­дийг захиалагчийнх нь өг­сөн хэмжээ загвар, тоо шир­хэгийнх нь дагуу оёж нийлүүлдэг байсан.

Харин “Еxclusive” брэндийг зөвхөн монголчууддаа зориулж гар­гаж ирсэн юм. Олон нийтэд ч маш сайн танигдаад байгаа. Европ загвараар өмд цамц, хүрэм, куртик, подвалк гээд юу л бол юуг оёно. Үнийн хувьд маш хямд подвалк л гэхэд 5000 орчим төгрөгийн үнэтэй. Сөдөн куртик сөдөн гэсэн утгаараа жаахан үнэтэй.

Бусад синтпонон куртик 90 мянгаас доош үнэтэй байдаг. Гадаадаас оруулж ирсэн бүтээг­дэхүүнээс ялгарах юм байхгүй. Үндэсний аюулгүй байдал гэж их ярьдаг. Үүнийг хэрэгжүүлэе гэвэл хувцас хоол хоёроо бид дотооддоо үйлдвэрлэх ёстой. Гэтэл өнөөдөр бараг 90 хувийг гаднаас авч байна. Энэ бол том эмгэнэл гэдгийг ч тэр хэлсэн юм.

Энэхүү гэр бүлийн компанийн анхнаасаа өмнөө тавиж ирсэн зорилго бол мон­гол оёмол хувцсан дээр бодит үнийг бий болгох, импор­тоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнтэй өрсөл­дөхүйц монголын брэндийг бий болгох чиглэл рүү хандаж үйлд­вэрлэлээ эрхэлжээ. Ев­ропт ажиллаж байхад оёсон бүтээгдэхүүнээ өөрсдөө зарж бор­луулах тал дээр ямар ч хүндрэл гардагггүй. Дандаа брэндүүдийн захиалгаар оёдог байсан аж. Том брэн­дүүдийн эмэгтэй лайныг тэд оёдог байсан гэнэ. Монголд брэндийн систем, захиалгын ийм тогтолцоо байхгүй учраас өөрсдөө брэнд гаргахаас өөр аргагүй болсон ажээ.

Монголд өрсөлдөөн алга

Энэ салбарт аль болох олон өрсөлдөгч байна, төдий чинээ сонирхолтой, хөгжил дэвшил бий болох ёстой гэнэ. Загвар үнэ хоёроороо өрсөлдөж байж бодит мода, бодит үнийг тогтоох ёстой. Гэтэл яг энэ чиглээр өнөөдрийг хүртэл өрсөлдөгч хараахан гарч ирээгүй байгаа гэнэ. Масс оёдол гэдэг бол подваль, орон сууцны нэг давхарт байдаг монгол хувцас, үндэсний дээл оёдог оёдлын цехээс өргөн хүрээнд яригдах асуудал гэнэ.

Сүүлийн хоёр, гурван жил үндэсний үйлдвэрлэлд төрөөс маш их анхаарсан. Солонгоруулсан эдийн засаг гэж их ярьсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг байгуулсан. Ялангуяа УИХ-ын гишүүн Х.Баттулга хөнгөн үйлдвэр, оёмол сүлжмэл бүтээг­дэхүүнийг хөгжүүлэх талаар их ажил хийсэн. Одоо харин Аж үйлдвэрийн яам гэж байгуулагдаад хөнгөн үйлдвэр маань орхигдоод байх шиг байна гэж тэр хэлнэ лээ. Төрөөс хамгийн их дэмжих ёстой салбар бол хөнгөн үйлдвэрлэл, ялангуяа оёмол бүтээгдэхүүний салбар. Яагаад гэвэл хүний хамгийн гол хэрэгцээ, бас эмэгтэйчүүдэд хамгийн олон ажлын байрыг бий болгож өгдөг салбар.

Гадагшаа гарах хамгийн гол экспортын бүтээгдэхүүн болж чаддаг. Бид монголдоо оёдолын масс үйлдвэрлэлийг хөгжүүлж чадах юм бол уул уурхайгаас ч илүү шав­хаг­дашгүй нөөц баялаг юм. Оёмол бүтээгдэхүүний сал­барт анхнаасаа бодлогоор дэм­жээгүй нь олон зүйл дээр харагддаг. Алхам тутамдаа ажлын байр бий болгож нэмүү өртөг шингээн, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Майцэцэг, гад­наас даавуу оруулж ирээд метрлэн худалдаалж байгаа худалдаачин хоёрын ялгаа байхгүй. Худалдаачин толгой өвдөхгүй илүү амар амьдарч байна.

Тэдэнд татварын, нийгмийн даатгалын, мэр­гэж­лийн хяналтын гээд янз бүрийн дарамт байхгүй. Хяналт сул болохоор далд эдийн засаг хөгжихөд маш таатай нөхцөл байдал үүс­сэн. Хүн бүр хувиараа аж ахуй эрхэлж байна. Ор­лого тодорхойгүй гээд 8-15 мян­ган төгрөгийн татвар л төлдөг. Гэтэл Үндэсний үйлд­вэрлэгч нар хамгийн эх оронч хүмүүс байдаг. Зөвхөн өөрсдийгөө, амиа хэзээ ч бод­дог­гүй. Дандаа ажилчдаа боддог. Энэ хямралтай үед яаж нэг ч хүн цомхотгохгүй ажлын байрыг хадгалж үлдэх вэ, хямд бүтээгдэхүүн ард түмэнд нийлүүлэх вэ гээд л дандаа сэтгэлээ чилээж яв­даг. Монголд өрсөлдөгч алга. Өрсөлдөөн байвал сайн бай­на хэмээн Майцэцэг ярьж байна.

1000 ажилчинтай том үйлдвэр болох цаг ойрхон байгаа

Одоо “Еxclusive” брэнд Улсын их дэлгүүрийн хоёр дав­харт болон 50 мянгатад “Peace Tower”-ийн зүүн талд төв замын урд, X хороо­лол “Орхон” худалааны төвийн баруун талд, “Скай” худалдааны төв гээд дөрвөн газар нэрийн барааны дэлгүүр, худалдааны салбараа ажиллуулж байна. “Бид дүүрэг болгонд дэлгүүр болон 30 орчим хүнтэй оёдлын жижиг үйлдвэрээ нээх зорилготой байна. Үйлдвэр толгойлоод ажиллуулаад аваад явчих чадвартай боловсон хүч­нийг сүүлийн дөрвөн жил ажилчдынхаа дундаас бэлдсэн. Хэтийн зорилго гэвэл 1000 ажилчинтай том үйлд­вэрийг бий болгож, бидний гол хөрөнгө оруулагч болсон монголын ард түмнээ үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хангах явдал” гэсэн юм.

Тэрээр мөн нэг зүйлийг онцолсон нь “Монголд үндэсний үйлдвэрлэгч хөгжиж чадахгүй байгаагийн нэг хүчин зүйл нь үндэсний үйлдвэрлэгч нараа хамгаалсан хууль эрх зүйн зохицуулалт, төрийн бодлого байдаггүй. Польшт үндэсний үйлдвэрлэгч нараа гааль, татварын бодлогоор хамгаалсан байдаг. Тухайл­бал, гаднаас орж ирж байгаа бүтээгдэхүүний татвар өндөр, хяналт сайн. Импортын бүтээг­дэхүүний татвар өн­дөр болохоор тухайн брэн­дүүд тухайн орондоо загвараа барьж очоод үндэсний үйлдвэрлэгчдээр нь үйлд­вэр­лүүлчихсэн нь хамаагүй хямд тусдаг. Яг энэ жишгээр “И март” гээд сүлжээ дэлгүүр манайд нээгдэх гэж байна.

Тэгэхээр бидний хоёр гур­ван жилийн хөдөлмөр талаар өнгөрөөгүй байна. Ирэх дөрөвдүгээр улирлаас Солонгосын энэ сүлжээ дэл­гүүр манайд нээгдэнэ. Бид туслан гүйцэтгэгчээр оролцоно. Өөрөөр хэлбэл дэлхийн брэндүүдийг манайх дотооддоо оёж энэ сүлжээ дэлгүүрүүдээр борлуулна гэсэн үг” хэмээн ярьсан юм. Монголдоо 60-аад оёдолчин 10-аад худалдагчийг ажлын байраар хангаж, европ загварын чанартай, хямд хувцсаар монголчуудаа гоёх чин хүсэл өвөрлөн яваа энэ бүсгүйн зарим яриаг сонсоход дэндүү гэнэн ч юм шиг.

“Монголд бизнес эрхлэнэ гэдэг улаан гараараа хад чулуу ухахтай адил, татварын орчин хүнд, хяналт шалгалт, авлига гээд дарамт их, бизнесийг дэмждэг, таатай орчин бүрдсэн Польштоо очоод үйлдвэрээ амжиллттай аваад явж болохгүй гэж үү” хэмээн түншиж үзвэл өнөөх л эх орон, элгэн монгол, үндэсний үзлээ ярьж “олон жил хамтарч ажилласан оёдолчдоо яах юм” гэх. Ийм гэгээн сайхан мөрөөдөл өвөрлөсөн Г.Майцэцэг болон түүний гэр бүлийн үйлдвэр цэцэглэн хөг­жиж цаашид мянга мянган хүнийг ажлын байраар ханган, үйлд­вэрлэсэн “Еxclusive” брэндийн бүтээгдэхүүн нь түмэн зүгтээ түгэн тархах болтугай.

Ц.МӨНХ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ