Гурил чухал уу буудай чухал уу

Аль Н.Алтанхуягийн засгийн газрын үед л тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн хооронд өрнөсөн хэрүүл тэмцэл цагаан сар тултал үргэлжлэх шинжтэй.

Эх орны хөрснөөс хураан авсан улаан буудайн чанар гурилын стандартыг хангахгүй байгаа тул ОХУ-ын өөр сортын буудайг дотоодынхоо буудайтай хольж үйлдвэрлэвэл сайн чанарын цавуулаг өндөртэй гурил болох аж. Цавуулаг өндөртэй, чанартай гурилын хэрэгцээ байгаа учраас төр 20,000 тонн улаан буудайг ойрын хугацаанд импортлох зайлшгүй шаардлагатай тулгарчээ.

Тэгвэл энэ асуудал тариалан эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Салбарын яам нь ОХУ-аас импортлохыг хүссэн гурил үйлдвэрлэгчдийн 100 мянган тонн улаанбуудайг багасгаж 20 мянга болгосон, энэ хэмжээг дотоодын буудайтай хольж цавуулаг чанарыг нь нэмэгдүүлэх зорилготой хэмээн мэдээлж байна. Гэсэн ч мөн л ялгаагүй эсэргүүцэлтэй тулгарсан хэвээр.

Сүүлийн үед монголчуудад аливаа маргаанд хэн хурц хэлтэй, амтай нь ялж өөрийн талд шийддэг гэх ойлголт нэлээд гүн бат шингэсэн бололтой.

Уг нь ийм үед долоо хэмжиж нэг огтолж байж гурван сая монголчуудынхаа тусын тулд шийдвэр гаргах ёстойг ойлгох хүмүүс цөөрч, өөрийн хэтэвч дэх хэдэн бор нь л нэмэгдэж байвал нийтийн эрх ашиг огт хамаагүй болсон нь харамсалтай.

Амуу буудай бэлтгэн гурилын үйлдвэрүүдэд тушаагчид буюу тариалан эрхлэгчид өөрсдийн хураан авсан буудайг бүгдийг нь гурил болгох ёстой гэвэл эндүүрэл. Ард түмний амаар чанартай, чанаргүй хамаагүй дотоодын үйлдвэрийнх л бол хамаагүй урсан орох ёстой хэмээн Монгол, Монгол, үндэсний үйлдвэрлэл гэж цээжээ дэлдэгсэд олширсоны харгай юмуу даа. Эрүүл ахуйн стандартууд, олон улсын чанарын шаардлагуудыг хангасан тийм л бүтээгдэхүүнийг бид үйлдвэрлэж монголчууддаа хүргэх нь чухал болохоос чанаргүй ч бай хамаагүй цээжээ дэлдэж суух нь утгагүй.

Олон улсын чанар, стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээтэй Монгол компаниуд улам бүр өсөн нэмэгдсээр байгаа энэ үед хөдөө аж ахуйн салбарт ч гэсэн ийм хэвшмэл ойлголтыг нааж өгөх нь зүйтэй гэмээр.

Яаж ч бодсон гурилын үйлдвэрүүдийн чанаргүй цавуулаг багатай буудайгаар гурилаа хийхгүй гэдэг нь зөв баймаар. Оёдолчин хүн бат бөх утсаар л үйлээ шагладаг, гуталчин хүн зангаа тавихдаа аль эдэлгээтэй чанартайг нь сонгодогтой л агаар нэг. Басхүү нэг зүйлийг ажиглавал насаараа талх барьсан эмэгтэй, сүүлийн хэдэн жилд тариаланч болсон дуучин залуугийн маргаанаас энэ бүгд тодорхой харагдана.

Гэтэл нэг нь заавал буудайгаа гурил болгоно гээд, нөгөө нь авахгүй гэж хэрэлдсээр цагаан сар тулж эргээд энэ байдлаас хэн хохирох вэ, ард түмэн л хохирно.

Засгийн газраас уг нь тов тодорхой шийд гаргаж л дээ. Ерөнхий сайд гурил үйлдвэрлэгчид болон тариалан эрхлэгчдийг төлөөлсөн холбоодын саналыг сонсоод борлуулагдаагүй байгаа улаан буудайн чанар, цавуулгийн хэмжээг тогтоох ажлын хэсгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тариалан эрхлэгчдийн холбоо, Гурил үйлдвэрлэгчдийн холбооны төлөөллийг оролцуулан байгуулж, гурил үйлдвэрлэх стандартад тохирох эсэхийг ойрын хугацаанд тогтоохыг үүрэг болгосон байна. Борлуулагдаагүй байгаа улаан буудайн цавуулгийн хэмжээг тогтоох хүртэл ОХУ-аас импортлохыг зогсоожээ.

Чанар, стандартыг нь шалгадаг хэмждэг хүмүүс нь одоо энэ маргааныг таслах цаг нь болж. Гэвч ингээд асуудал шийдэгдэх болов уу. Харамсалтай нь засгийн газрын тэргүүнийг салбарын сайдтай нь хамт мэтгэлцээнд дуудаж байна хэмээн хэвлэлээр л нэг зарлаж, хүмүүсийн уур унтууг хүргэсэн үйлдлийг тэд аанай л гаргасаар. Хэл амаараа хэн нь илүү болохоо харуулснаар асуудал шийдэгдэнэ гэж бодогсод олширсоны л харгай юм.

Ингээд талуудын хэн юу хэлснийг сонордуулая.

Гурил Үйлдвэрлэгчдийн Холбооны гүйцэтгэх захирал Ч.Энхбаяр:

-Урьд жилүүдийнхийг бодвол өнөө жил ургац арвин авсан ч чанар нь гурилын стандартыг хангахгүй байна. Хонины ноосыг нарийн бүдүүн ширхэгтэй нь хольж байж чанартай цамц нэхдэг. Үүнтэй адил гурил дотроо цагаан, бор, ширхэгтэй, нарийн гээд олон янз. Иймд ОХУ-ын өөр сортын буудайг дотоодынхоо буудайтай хольж үйлдвэрлэвэл сайн чанарын цавуулаг өндөртэй гурил болно. Цавуулаг өндөртэй, чанартай гурилын хэрэгцээ байгаа учраас бид 20,000 тн улаан буудайг ойрын хугацаанд импортлох зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. Энэ буудайг оруулж ирснээр чанар дээшилхээс гадна хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадах юм. Гурилын үйлдвэрүүдийн хүчин чадал хэрэгцээнээсээ 3 дахин илүү байгааг харгалзан үзэж гурил болон дайвар бүтээгдэхүүний экспортын квотыг нээж өгөх хэрэгтэй. Дотоод болон гадаад хэрэгцээг үнэн зөвөөр тодорхойлж балансыг алдагдууулахгүй байх бодлогоор дэмжиххэрэгтэй юм.

Гурил Үйлдвэрлэгчдийн Холбооны гишүүн З.Хүрэлбаатар:

-Үнэ тогтворжуулалтын бодлогын хөтөлбөрт гурилын үйлдвэрлэгчид бид гэрээт үүргээ биелүүлж ирсэн. Бид шууд бэлэн мөнгөөр авдаггүй, аливаа барьцаа хөрөнгөө тавьсан зээл авдаг. Энэ жилийн хувьд ваучерийн зээл олгох, улаан буудай нь банкны зээл болох ийм шинэ системийг монгол банк, хөдөө аж ахуйн яамхэрэгжүүлж байгаа юм. Ингэснээр тариаланчдын мөнгийг түргэн шуурхай олгож байгаа юм. Дахин хэлэхэд энэ мөнгөөр бид валютын урсгалыг хомсдуулж зээл болгож ашиглаагүй юм.

Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Эрдэнэбат:

2014 онд тариаланчид маань 469 мянган тонн улаан буудай хураан авсан. Сүүлийн 17 жилийн түүхэн дэх хамгийн өндөр ургац хураасан жил гэдгийг тодотгоё. Гурилын стандартад тэнцэхүйц 350 мянган тонн буудайг гурилын үйлдвэрүүдэд тушаасан. Чанарын шаардлага хангасан буудайг гурилын үйлдвэрт өгсөн гэсэн үг. Цавуулаг муутай, стандартад нийцээгүйг нь спиртийн үйлдвэр болоод малын тэжээлд л зориулдаг. 350 мянган тонн буудайны тухайд шат шатны Мэргэжлийн хяналтын байгууллагууд, гурилын үйлдвэрийн лабораториудад шинжлээд хүлээгээд авсан. Өнгөрсөн оны есдүгээр сард хүлээлгээд өгсөн буудайн чанарыг одоо ярих ямар шаардлага байв гэдэг өөрөө асуудал.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ