"Хуурай" бус "нойтон" хуулийг хүлээн зөвшөөрөхгүй

Архины хэрэглээг багасгах зорилгоор Моносоор овоглодог Л.Эрдэнэчимэг гишүүн “Архины тухай хууль”-ийг санаачилсан билээ. Харин энэ нь “хуурай” бус “нойтон” хууль болох талаар олон хүн шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Энэ тухай БЗД-ийн Хүнсний худалдаа эрхлэгчдийн холбооны тэргүүн М.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.
-Та Л.Эрдэнэчимэг гишүүний санаачилсан архины хуулийн эсрэг байгаа гэсэн. Хуулинд ямар заалт оруулж байгааг тодруулж өгөх үү?
-Найман нэрийн дэлгүүрүүдийг сонгон шалгаруулалтаар эрхийг нь олгох юм. Сонгон шалгаруулалт гэдгийг тодруулбал, 17-гийн 3-т Иргэдийн хурал, Засаг дарга, зөвшөөрөл олгодог төрийн байгууллагууд, дээр нь онцгой байдал, цагдаагийн газраас гаргасан үндэслэл дээр тулгуурлан тусгай зөвшөөрөл олгоно гэсэн байгаа. Ингэхдээ хорооны иргэдийн хурал, Засаг дарга хурал зарласны дагуу иргэд оролцож аль дэлгүүрээр архи борлуулахыг сонгоно. Ингэснээр сонголт хийх иргэдэд нөлөөлөх замаар цаашид далд авлигын хэргийг цэцэглүүлж эхэлнэ. Мөн энэ хуульд тусгай зөвшөөрлийн эрхийн бичгийг дуудлага худалдаанд оруулна гэж байгаа. Энэ дуудлага худалдаанд орохын тулд дэнчин тавих ёстой. Тэр дэнчинг буцаан олгохгүй. Ийм маягаар бизнес эрхлэгчдийг дэмжих бус боомилсон хууль гаргах гээд байгааг бид эсэргүүцэж байгаа юм.
-Ер нь найман нэрийн хүнсний дэлгүүрүүд хаалгаа барилаа гэхэд ямар сөрөг үр дагаварууд бий болох вэ?
-Тухайн дэлгүүрийг ажиллуулж байгаа хүмүүсийн амьжиргааны түвшин унана. Тэдний зээл яах билээ. Эсвэл банкны хүү, зээлээ төлөөгүй гээд шоронд аваачаад хийх үү? Тэд яаж өрөө төлөх вэ? Тухайлбал, минимаркетад багаар тооцоход ачигч, хоёр ээлжийн худалдагч, үйлчлэгч, эзэн гээд таван хүн ажилладаг. Энэ хүмүүс ажилгүй болохоор тэдний цаана байгаа өрхийн амьдрал яах вэ? Манай улсад 7100 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр 7100 өрх амьжиргаагүй болно гэсэн үг. Иймэрхүү маягаар эдийн засгийн хямралыг давах уу? Харин ч бүр хүмүүсийг боомилж байгаа юм даа нөхөр Л.Эрдэнэчимэг. Энэ хуулийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Байнгын хороогоор оруулаад Ардчилсан нам 5 хоногийн завсарлага авсан. Тэгэхээр энэ даваа, мягмар гарагт дахин оруулна. Ингээд л цаашаа дэмжигдээд явах гээд байгаа юм. Хуучин хууль дээр нэмээд дээрх заалтууд орвол хуучин хуулиа арай л гэж давж байгаа хүмүүст илүү их дарамт болно.
-Эрхийн бичиг худалдана гэдгийг тодуулж өгөөч.
-Төрийн бичиг буюу хуулийг дуудлага худалдаанд оруулдаг улс манайхаас өөр хаа ч байхгүй байх. 1996 онд П.Очирбат гуай Алт хөтөлбөрийг явуулж байсан.Тэгэхэд баахан лиценз олгогдсон. Ямар уршиг тарьсан? Газрыг дураараа ухсан. Нэг хүнд 20-30 лиценз ирсэн байсан. Тэгээд цаагуураа зардаг, үрдэг. Нэг ёсондоо нэг хүний өмч болсон. Тэгэхээр энэ бол буруу. Үндсэн хуулиас салбарлан гарсан тэр бичгийг хувьцаагаар дуудлага маягаар ингэж зарна гэдэг байж боломгүй л санагдаж байна. Ямар өмд, хувцас, идэж уух юм зарж байгаа биш. Хуулийг зарж болохгүй гэж бодож байна.
-Одоо хэрэгжиж байгаа хуулинд ямар дарамт байгаа вэ?
-Тэмдэгтийн хураамж болох 1 сая 304 мянган төгрөг анх зөвшөөрөл авахдаа төлдөг. Дээр нь хогны мөнгө, аж ахуйн нэгжийн бүх төрлийн албан татварууд, эрүүл мэнд, нийгмийн даатгал гээд олон төрлийн татвар, татаасууд бий. Тэгэхээр дээрх хуулийн заалтууд нэмэгдэж гарснаар ямар их дарамт ирэх вэ гэдэг нь ойлгомжтой болж байгаа юм. Нөхөр Л.Эрдэнэчимэг гишүүн аж ахуйн нэгжүүд эсэргүүцлээ ч санаачилсан хуулиа батлуулахаар хатуу зогсоно гэдгээ өөрөө хэлсэн байдаг. Хүчээр зүтгүүлэх гэж байгаа бололтой юм.
-Бусад улс архидалттай хэрхэн тэмцэж байсан бол?
-Дэлхийн жишиг бий. АНУ 1930 онд хуурай хууль гаргаснаас болж мафи цэцэглэсэн. Тэр үед Засгийн газар нь хатуулаг өндөртэй архи, шар айрагнуудыг хүмүүсийн нүдэн дээр тараншейний нүхэнд бах тавтайгаар асгаж байсан юм. Гэтэл энэ бизнес далд хэлбэрт орж, улмаар том том гэмт хэргийн мафиуд уг сүлжээгээр их хэмжээний мөнгө олдог асуудал гарч ирсэн. Манайд бол энэ нь өөр хэлбэрээр орж ирж байна. Энэ бол шаг. Шаг одоо бүр дэлгэрчихсэн. Үүнийг цагдаагийнхан ч хүчрэхээ байсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр яриад байгаа юм. Манай экспортын архиудыг дэлгүүр хааснаас хойш гадуур 30-60 мянган төгрөгөөр, шар айргийг 11 мянган төгрөгөөр шаглан зардаг.
Энд бас Оросын жишээ ярья. Горбачёвын үед хуурай хуулийг дагаж мөрдөөд л явж байсан. Гэтэл тэрээр нэгэн удаа “Би ард түмэндээ нэг буруу юм хийжээ. Архины хуурай хуулийг гаргаснаас болж том алдаа хийлээ” гэсэн юм. Учир нь архи зардаг дэлгүүртэй нь тэмцээд нэмэргүй юм байна. Харин түүнийг хэрэглэхээр худалдан авч буй хүмүүсийн оюун ухамсартай нь ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг тэр ойлгосон гэдэг.
-Тэгэхээр гол нь иргэдийн сэтгэхүйтэй ажиллаж чадвал архины хэрэглээ буурна гэж үзэж байна уу?
-Өнөөдөр хүмүүс юунаас болж архи ууж байна? Энэ нийгмийн ажилгүйдэл, энэ төр засаг болохгүй байгаа учир ард түмэн эсэргүүцлээ далд хэлбэрээр үзүүлээд байгаа юм. Нэг газар ажил хөөцөлдөөд ороход төрийн албан хаагчид эрх мэдлээ ашиглаж яаж дарамталдаг билээ. Тэгээд л хоёр гурван газраар яваад ажил нь бүтэхгүй болохоор архи ууж бухимдлаа тайлах аргыг сонгодог. Тиймээс өнөөдөр хууль гаргахаасаа илүү ард түмнээ яаж ажилтай болгох вэ гэдгээ ярих ёстой. Дээр нь эдийн засаг хямарчихсан, татвар, өр ихтэй энэ үед олон зуун мянган аж ахуйн нэгжийг унагаах ямар шаардлагатай юм бэ? Нийгмийн сэтгэлгээг өөрчлөхийн тулд хамгийн түрүүнд иргэдийг ажилтай, орлоготой байлгах хэрэгтэй. Хүн сэтгэл санаа нь тайван, стрессгүй байвал архи уух шаардлагагүй болно. Тэгээд ч завгүй хөдөлмөрлөөд эхлэхээр архины хэрэглээ аяндаа багасна шүү дээ.
-Архи зардаг тусгай дэлгүүртэй болох юм шиг байна. Энэ нь монополь дэлгүүр бий болно гэсэн үг мөн үү?
-Хуулинд ингэж байгаа. Хатуулаг багатайг нь тусад нь ялгана. Хатуулаг өндөртэйг нь тусгай дэлгүүрээр зарна. Сүлжээ дэлгүүрүүд нэг том толгойтой, олон салбартай байдаг даа. Тэгэхээр сүлжээ дэлгүүрүүд бүх эрхийг нь авах боломжтой болно. Жишээ нь, Номин, Миний, Сансар гэх мэт. Энэ нь олигархиудаа дэмжсэн бодлого хэрэгжүүлэх нэг арга гэж харагдаад байгаа юм. Тэр дуудлага худалдаанд бидэн шиг энгийн иргэд орж чадах уу гэдэг эргэлзээтэй. Бидний таамаглаж байгаагаар дэнчин нь 30-50 сая төгрөг байж магадгүй. Тэгвэл бид яаж орох юм бэ. Гэхдээ одоохондоо дэнчингийн хэмжээ тодорхойгүй байгаа л даа. Бид тэгж тааж байгаа юм.
-Та ямар саналтай байна вэ? Хуучин хуулиа сонгож байна уу?
-Би бол энэ "хуурай" бус "нойтон" хуулийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл, цаг нь болоогүй. Ийм хүнд үед хуулийг маш зөв гаргалгаатай хийхгүй бол сэтгэлийн хөөрлөөр баталсан хууль ард нь ямар үр уршиг авчрахыг мэдэхгүй яваад байна. Аягүй бол зарим нь энэ архины хуулийг харах ч үгүй батална. Хуучин хуулиа л мөрдөөд явсан нь дээр. Засгийн газарт эх орноо гэсэн сэтгэлтэй хүн гарсан тэр үед хууль хийх ёстой. Зүгээр нам дагасан олигархиуд сайн хууль хийж чадахгүй. Үүнийг амьдрал дээр бүгд харуулсан. Монголчуудыг элгээр нь хэвтүүлчихсэн юм чинь бид тэдэнд итгэл үзүүлж чадахгүй.
-Хэрэв энэ хууль цаашид дэмжигдээд батлагдах дээрээ тулбал яах вэ?
-Бид тэмцлийн арга сонгоно. Гэхдээ яг ямар арга сонгохоо одоохондоо хэлэлгүй нууцлая. Ямартай ч энэ хуулийг батлуулахгүйн төлөө явна. Энд хүний амьдрал ярьж байгаа учраас тууштай тэмцэнэ гэдгээ хэлье.
-Та нартай өөр байгууллагууд нэгдэж байгаа юу?
-Манай БЗД-ээс гадна бусад дүүрэг болон орон нутгаас ч бас биднийг дэмжиж хамтрах саналаа ирүүлсээр байгаа. Тэд энэ асуудалд нэлээд бухимдалтай байгаа юм. Ард түмнийг хүнд байдалд оруулчихаад дээр нь дахиад нэмж мөлхүүлэх гээд байдаг нь ямар учиртай юм бэ гэж байсан. Дээрх хуулийг эсэргүүцэж байгаа тул бидэнтэй нэгдэнэ гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Ямартай ч энэ хуулийг батлуулахгүйн төлөө явах болно.
-Бидэнтэй санал, бодлоо хуваалцаж, сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ