Нийтийн тээврийн орлогчоор таксиг сонгосон нь

Өвлийн жихүүн хүйтэн өдрүүд үргэлжилсээр. Нийслэлд амьдрал буцалсаар. Гэвч хэзээ ч шийдэгдэхгүй нэг асуудал байх юм. Юу гэвээс, зуны налгар өдрүүдэд нийтийн тээвэр үдэш 22:00 цаг хүртэл явж л байдаг. Гэтэл яг идэр есийн хүйтнээр оройн 20:30 цагаас хойш унаа тэр бүр олдох нь ховор. Удтал хүлээсний эцэст хөлдүү амбаарт орж, жавартай салхинаас хоргодох боломж олдоно.
Ялангуяа хүмүүсийн хэлж заншсанаар “улсын” гэгддэг харьяалалтай нийтийн тээврийн үйлчилгээнд сэтгэл дундуур иргэд маш олон. Энд нэгэн жишээ авъя. Хуучнаар автобус-3 компанийн Улиастай-Ард кино театр чиглэлийн автобусын тухай ам уралдуулан шүүмжлэх хүмүүс олон байна. Хамгийн сүүлд гэхэд, өчигдөр тухайн чиглэлийг хүлээж Ард кино театрын буудал дээр бүтэн нэг цаг даарч зогссон иргэдийн сэтгэгдлийг сонслоо. Өнөөдрийн эдийн засгийн хямралтай үед хэн хүнд өдөр бүр таксидах мөнгө байхгүй нь лав. Тиймээсч тэд нийтийн унаа хүлээж бээрч зогсолгүй Жуковын буудал хүртэл алхжээ. Тэндээс “жижиг тэргүүд” 1000 төгрөгөөр тал бүр тийш үйлчлэх аж. Ийнхүү 22:00 цагийн үед хөл залгах унаатай золгосондоо баярлацгааж, бага зэрэг хушуу бүлээцэн нэгэн шинэлэг санаа дэвшүүлцгээсэн нь автобусанд найдалгүй "1000-ын такси"-г сонгох болов. Өдөр бүр иймэрхүү асуудалтай учирдаг тэд бусад чиглэлүүдээс 14 дугаарын чиглэл хамгийн их чирэгдэлтэй үйлчилдэг гэв. Ингээд тэд сууж явсан таксины жолоочийн утасны дугаарыг авч, орой болгон хамт цаг тохирон гэрийн зүг дөхөж байхаар тохиролцов. Эндээс харахад, манайд сүлжээ гэгч нь олон янзаар хөгжиж байх шиг.
Таксигаар үйлчлүүлэгчид хүртэл сүлжээ үүсгэн танидаг, танидаггүйдээ такси зуучлан хөл залгах унаагаа зохицуулж байна. Энэ нь хэн хэндээ ашигтай, боломжит үйлчилгээ мэт санагдаж байсан юм. Энэ бол бидний амьдралд тулгамдаж буй асуудлын зөвхөн нэг цагийн жишээ.
Угаас нийгмийн дунд давхаргынхны дунд нийтийн тээврийн үйлчилгээ мөнхийн сэдэв байсаар ирсэн. Уралдаж давхих, ууралж зандрах, огцом тормослох зэрэг нь эгээ л үхмэл амьгүй ачаа тээж яваа мэт байдаг. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тавих шаардлагын 6.3.1-д Нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл нь зорчигчдын ая тухтай, аюул осолгүй зорчих, аялах нөхцөл бүрдсэн, техникийн хувьд бүрэн бүтэн, “Автотээврийн хөдлөх бүрэлдэхүүний техникийн байдалд тавих шаардлага” MNS 4598:98 стандартад заасан шаардлагыг бүрэн хангасан байна гэж заасан. Гэвч амьдрал дээр ямар байдалтай хэрэгждэгийг хүн бүр мэднэ. Харин хувийн хэвшлийн автобус арай л өөр. Наанадаж оройн цагаар цөөн тоогоор ч гэлээ хүмүүсийг очих газар нь дөхүүлээд л өгнө.
Хэзээ манайд хотын соёл оршин тогтнож, хүмүүсийнх нь царайнаас баяр баясал тодрох юм бол доо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ