Чингисийн талбай дээр тариа ургах уу

Хэдэн өдөр хэвлэлийн од болоод амжсан Л.Цандэлэг тэргүүтэй тариаланчид энэ жилийн хамгийн хоншоортой жагсаалыг өчигдөр зохион байгууллаа. Хотын мэр Э.Бат-Үүлээр овоглох трактортой жагсаалыг комбайнаар нүсэрдүүлж амжсан тэд бараг л тариагаар гоождог танктай жагсаал хийчихлээ гэхэд хилсдэхгүй.

Импортын 20000 тонн буудай оруулж ирэх квотыг эсэргүүцсэн тэдгээр тариалан эрхлэгчид Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, салбарын сайд Р.Бурмаа гээд үе үеийн төлөөлөлтэй тэмцэх шаардлагатай гэнэ.Төр битгий оролц гэсэн мөртлөө төр импортыг зогсоох хэрэгтэй гэх мэт эрс тэс шаардлагууд нь төрөөс тусламж авч сурсан тэдний амнаас энүүхэнд гарах болсон үг.

Монголчуудын нэг жилийн гурилын хэрэглээ 350 мянган тонн. Ийм хэмжээний гурилыг хийхэд 450 мянган тонн буудай ордог аж. Өнгөрсөн жил 350 мянгыг нь тариалан эрхлэгчид гурилын үйлдвэрүүдэд тушаачихсан.

Үлдсэн 100 мянган тонн буудайг нь ОХУ-аас импортоор оруулж ирэх хүсэлтийг гурил үйлдвэрлэгчид гаргасан боловч үүнийг салбарын сайд 20 мянга болгож 5 дахин багасгасан байна. Энэ тоо ч гурилын үйлдвэрүүдийн хүсээд байгаа чанартай, цавуулаг өндөртэй гурил хийхэд монгол буудайтай холиход яг тохирсон тоо.

Ингэснээр төр тариалан эрхлэгчдийн эрх ашгийг ч хөндсөнгүй гаднаас орж ирэх импортыг багасгалаа, гурил үйлдвэрлэгчдийн хүсэлтийг ч биелүүлж хольц болох орос буудайг нь оруулах зөвшөөрлийг нь өглөө.

Мөн тариаланчдад урамшуулал олгохыг ч яаравчлав. Гэсэн хэдий ч тариаланчдын төлөөлөл сэтгэл амарсангүй. Чингисийн талбайд бараг л уринш хийгээд тариа тарьчих шахав. Том том ногоон комбайнаар Чингисийн талбайд орж ирсэн нь зохимжгүй ч үр тариа асгаж мялаасан нь бэлгэ дэмбэрэлтэй л юм. Чингисийн талбайд тариа ургах эсэхийг ирэх намраас харах л үлдлээ.

Т.Цахилгаан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ