Энэ сарын 16-ны өдрөөс ажлын цагийн шинэ хуваарийг мөрдөж эхэлнэ


Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 22-ны “Эрх шилжүүлэх тухай” 393 дугаар тогтоолоор “Нийслэлийн автозамын ачааллыг зохицуулах зорилгоор замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, түгжрэл ихээр үүсч байгаа зам, цаг хугацаа зэргийг харгалзан нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагуудын ажил эхлэх, дуусах цагийг зохицуулж байх эрхийг Нийслэлийн Засаг даргад шилжүүлэхээр заасан.
Засгийн газрын энэ шийдвэрийг үндэслэн ажил эхлэх, дуусах цагт өөрчлөлт хийснээ нийслэлийн удирдлагууд 02 дугаар сарын 4-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулсан байна.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн хичээл 07.40 цагт, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд 08.00 цагт, төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагуудын ажил 08.30 цагт эхлэхээр тус тус шийдвэрлэн уг хуваарийг 2015 оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөс мөрдөхөөр заажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ