Томчуулын нэр хүндэд халдаж олны танил бологсод

Сүүлийн үед төрийн өндөрлөгүүд шийдвэр гаргах түвшиний нөлөө бүхий эрхэмүүдтэй халзагнаж , тэдний нэр хүндэд халдах байдлаар олны танил бологсод олширсон гэхэд хилсдэхгүй. Ийм төрлийн өвчин манай нийгэмд нэгэнт газар авчээ. Уул нь биеэ засаад , гэрээ зас , гэрээ засаад төрөө зас гэдэгсэн. Гэтэл аливаа асуудлыг олон талаас нь харж бодож анализ хийх чадваргүй зарим нэг нөхөд аль нэг төрийн бус байгууллага юмуу ганц хүний шахуу нам байгуулчихаад ямар нэгэн үндэслэл муутай асуудлаа төрийн өндөрлөгүүдэд хүчээр шахуу тулгана. Тэдний үндсэн арга нь хэвлэлийн хурал хийлгэх , үг үсгийн алдаатай шаардах бичиг хүргүүлэх , болсон болоогүй хэвлэл мэдээллээр ярилцлага өгөх гээд нэг л хэв шинжтэй. Бараг стандарт болчихоод байгаа эл аргачлал аль Санжийн Баярын үед эхэлжээ.Ямар нэгэн холбоо байгуулсан Т.Хасбаатар гэгч залуу тухайн үед ерөнхий сайд байсан С.Баяртай заргалдаж халз мэтгэлцээнд хүртэл дуудаж байв. Хэдэн сар үргэлжилсэн энэхүү аргачлалын үр дүнд Т.Хасбаатарыг олон нийт таних болсон. Харин Дарханы ардчилсан намын гэх тодотголтой Л.Наранбаатар хэмээх уул уурхай ярьсан залуу Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой тэмцээд яваа юм байх. Twitter хэмээх олон нийтийн сүлжээгээр @enkhboldz гэсэн хаягаар өөрийнх нь эсрэг үгсээ эрээ цээргүй зогсоо зайгүй явуулах аж. Өчигдөр л гэхэд “Эрх чөлөө”-г хэрэгжүүлдэг намын дарга гэж нэг нөхөр Монгол Улсын Ерөнхийлөгчрүү л хэвлэл мэдээллээр дайрч харагдах юм. Ер нь эрх чөлөөг хэрэгжүүлнэ гэж юу байдаг юм болоо. Иймэрхүү утга авцалдаа муутайхан нэр хаяг олж авсан нөхдүүд сав л хийвэл томчуудруу дайрах... Өөрөөр хэлвэл олон нийт тэр дундаа хамгийн том олон нийтийн эрх ашгийг төлөөлж байгаа төрийн өндөрлөгүүдтэй халз тулахад зардал чирэгдэлгүй олны танил болдог бололтой юм. Нэгэн цагт О.Дашбалбар агсанруу ийм дайралт ирэхэд тэрээр “гөлөг хуцаж , нохой хаздаг” хэмээн чангахан хариулж байсан удаатай.

Т.Цахилгаан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ