Хэтэвчинд хэмнэлттэй нөөцийн мах хаачив?

Сар шинийн баяр хаяанд ирлээ. Монголчуудын хүнсний гол нэрийн барааны үнэ 2015 оны 1-р сарын 28-ны байдлаар өмнөх сараас 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өдөр ирэх бүр бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгааг иргэд хэлсээр байна.
Хэлж, ярилаа гээд ч яах билээ. Угаас манай нийгмийн жам болсон хойно. Аливаа баяр ёслол дөхөхөөр бусад улсад өндөр хувийн “бодит” хямдрал явагддаг бол манайд харин эсрэгээрээ бүх төрлийн бараа бүтээгдэхүүнүүдийн үнийг ямх сөөмөөр өсгөөд байдаг. Яг энэ цаг үед иргэдийн зүгээс хамгийн их хүлээлттэй байгаа зүйл бол өнөөх нөөцийн мах.
Өмнөх жилийн нөөцийн мах 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр худалдаанд гарч эхэлсэн бол энэ жил өнөөдрийг хүртэл сураггүй байгаа нь махны үнийн өсөлтөд нөлөөлж байгаа бас нэг хүчин зүйл нь болж байна.
Арай хямд үнэтэй нөөцийн махаар ядаж бууз, бусад хоол идшэндээ хэрэглэх нь өрхийн зардалд багагүй хэмнэлт болж чаддаг байсныг хүмүүс хэлдэг. Гэтэл өнөөдөр цагаан сараар бүх төрлийн хоолондоо нойтон, шинэ мах тэр болгон авч хэрэглэх айл өрх хэр олон билээ.
Ялангуяа хаа сайгүй эдийн засгийн хямралд нэрвэгдсэн энэ хүнд үед арай ядан өл хоолоо залгуулж яваа хүмүүс үнийн дарамтад өвдөг сөхөртлөө цохиулж байна. Тиймээс нэн яаралтай ард түмнийхээ хэтэвчинд хэмнэлт үзүүлж, тэр нөөцийн махаа гаргаж ирэх цаг нь болоогүй юм байх даа. Ядаж үндэсний их баяраа ёслол төгөлдөр, элбэг дэлбэг өнгөрөөтөл нөөцийн махныхаа барааг харуулж болохгүй тийм л чухал асуудал тулгарсан юм болов уу.
Энэ талаар Монголын махны холбооны тэргүүн хэлэхдээ “Тендерт шалгарсан компаниуд махаа борлуулалтад гаргахад бэлэн болсон байгаа” гэсэн юм. Үнэ ханш нь хүртэл өнөөдрийг хүртэл тодорхойгүй.
Ямартай ч өмнөх жилийн өр авлагын асуудал байгаа гэдгийг холбогдох хүмүүс хэлж байлаа.
Тэдний өр авлагыг эцэс болтол иргэд баярын ширээний бууз, баншаа танаж суух уу? Бэлэн болсон нөөцийн махаа хэр удаан хадгалах бол.
Махаа хадгалж байгаад муутгаж, "харамласан юм хар нохойны аманд" гэгчийн гашуун сургамж ч бидэнд бий шүү дээ.
Энэ янзаараа ирсэн айлчиндаа буузаа “тоолж” таваглавал магад та бүү гайхаарай. Хаа газрын танаас хаагуур дайрахыг хэн мэдэх вэ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ