Үүрдэг бурхан миний аав

Монгол улсын Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, Ардын жүжигчин Ц.Батчулуун хүнд өвчний улмаас хоёрдугаар сарын 7-ны өдөр таалал төгсч, Монгол урлагийн их гэр бүлд хүнд гарз тохиолоо. Монголын урлагийн сор болсон авьяаслаг уран бүтээлчийн гэр бүл, төрөл төрөгсөд, ах дүү, урлагт хамтран зүтгэж явсан хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ц.Батчулуун агсны охин Алтанзаяа цахим хуудаснаа ингэж бичжээ.

Үүрдэг бурхан миний аав

Үүрдэг бурхан гэдэг алдрыг аавд маань Өвөрмонголчууд өгсөн гэдэг. Ерээд оны эхэн үеэр алдарт хуурч Жамъян багш, хөгжмийн зохиолч Жанцанноров гуай, аав гурав Өвөрмонголд судалгааны, суртчилгааны ажил хийж явахад нь Жамъян багшийг "Тоглодог бурхан", Жанцанноров ахыг "Ярьдаг бурхан", аавыг маань "Үүрдэг бурхан" гэж хүндэтгэн нэрийдсэн юм билээ. Би яагаад аавыг "Үүрдэг бурхан" гэсэн юм болдоо гэж их боддог байсан. Нас залуу, юмны учрыг сайн ухаж боддоггүй байхдаа миний аав Морин хуураа дандаа үүрээд яваад байдаг болохоор нь л "Үүрдэг бурхан" гэж нэрлэж дээ гэж бодно. Одоо бодоход миний аав эгшиглэнт сайхан морин хуурандаа бүх л сэтгэл зүрхээ өгч, олдсон жаахан насандаа хуурын сайхан хөг аялгууг таслалгүй өтгөс буурлуудаасаа суралцан, уламжлалыг хадгалан үлдсэнээр барахгүй сэргээн шинэчлэж, хөгжүүлэн арвижуулж, бүр цааш нь олон олон шавь нарыг сурган хүмүүжүүлж тэдэндээ үнэлж баршгүй өв соёлыг уламжлуулсан, үнэхээр л морин хуурыг үүрсэн бурхан нь байж дээ. Аав минь суулчийн амьсгалаа хураатлаа олон түмнийхээ эдгээсэй гэсэн чин сэтгэлийн дэмийг үүрсээр л байсан, итгэл алдраагүй байсан гэдгийг морин хуураа дээдэлдэг, хүндэлдэг, сонсдог, биширдэг бүх хүмүүст би хэлэхийг хүсч байна.

Ум ма ни пад мэ хум!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ