Гэмт хэрэгтэн гишгэх газаргүй

Хүн үү араатан уу гэж халагламаар аймшигт хэргийн тухай сонсоход сэтгэл хирдхийхийг яана. Саяхан халуун ам бүлээ гэсэн сэтгэлээр өөрийгөө ч өрх гэрээ ч аваад явж чадаж байсан нэгэн компанийн борлуулагч залуу харамсалтайгаар бусдын гарт амь насаа алдсан.

Нэг халуун амь тэнгэрт хальж нэгэн гэр бүл өнчирч нэг хулгайч шоронд хатлаа. Хэдэн шил архинаас болж хүний амийг хэрцгийгээр бүрэлгэсэн гэмт хэрэгтэн ч бас найман нэрийн дэлгүүр ажиллуулж өрх гэрээ авч явдаг байж. Дээрх гэмт хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн болон Налайх дүүргийн цагдаагийн албан хаагчид илрүүлсэн юм.

Харин өчигдөрхөн талхны мөнгөний төлөө өдөр шөнөгүй зүтгэх нэгэн таксины жолоочийн хоолойг хэрчиж хөнөөсөн нoцтoй хэрэг гарлаа. Хөөрхий хохирогч 22-хон настай цэл залуу Улаанчулуутын хогийн цэгийн манаачийн байранд улаан цусаа урсган амь эрсэн боловч эмнэлэгт хүргэгдээд шархаа даалгүй нас барсан тухай мэдээлж байна. Гэмт этгээд түүний унаж явсан ”Тоёото вилл” 2217 дугаартай машиныг аван хэргийн газраас зугтсан байна. Зугтаад ч хаа хүрэх билээ. Манай цагдаа ийм төрлийн гэмт хэрэгтнийг гишгэх газаргүй болгоод л хавхадчихна.

Нилээд хэдэн жилийн өмнө нэг таксины жолооч өвгөнийг мөчлөөд тарваганы нүхэнд хийчихсэн нэгэн хүн араатантай ажлын шаардлагаар уулзаж билээ. Хууль журмынх нь дагуу зөвшөөрөл аваад түүнтэй уулзахад хохирогч өвгөнийг Төв аймаг явна гэж худлаа хэлээд замд нь хороосон тухайгаа хүний бус, өөдгүй новшийн сөөнгө зөөнгө хоолойгоор ярьж эхэлж байсан.

Хохирогч өвгөн машин, мөнгө бүх зүйлийг ав гээд түүнээс зөвхөн амьд үлдээхийг л гуйж байсан тухай тэр араатны сул дорой арчаагүй ярьж байсан дүр төрхийг хожим арай гэж мартсан юм. Үнэндээ аль ч улс оронд янз бүрийн гэмт хэрэг гарч л байдаг. Бас гэмт хэрэг хийсэн болгон муу хүмүүс биш. Амьдралдаа алдаж эндсэн бишгүй л хүмүүс бий. Гэхдээ яг ийм төрлийн өөдгүй новшнууд хүмүүсийн дунд аж төрсөөр л байна.

Эдгээр хүмүүс хүн гэдгээ нэгэнт мартжээ. Бас хуулийн талаар өчүүхэн ч ойлголтгүй байгаад байх шиг. Ийм гэмт хэрэг хийхдээ баригдахгүй гэж төлөвлөдөг юм болов уу аль эсвэл хийчихээд баригдахгүйн төлөө зугатдаг юм болов уу. Цагдаагийн байгууллагад энэ талын судалгаа мэдээж төрөл бүрээрээ байгаа. Харин хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх байдлаар маш оновчтой сегментүүдэд хандсан сурталчилгааг системтээ хиймээр санагддагийг нуух юун. Манай цагдаагийнхан ур чадвар хэрэг илрүүлэлтээрээ өрсөлдөх чадвартай. Гэсэн хэдий ч хэрэг хийгээд баригдахгүй гэж боддог тэнэг новшнууд бас байгаад байх шиг. Үнэндээ яасан ч баригддаг гэдгийг л мэдрүүлж өгмөөр санагдана. Тэдэнд хэрхэн ойлгуулахыг бид мэдэхгүй. Харин монголын цагдаа та мэдэж байгаа.

Т.Цахилгаан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ