ЭЕШ-ын бүртгэл эхэлж байна

Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл өнөөдрөөс эхлэн ирэх дөрөв дүгээр сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Эхний шалгалт гуравдугаар сарын 21-нд, дахин шалгалтыг дөрөвдүгээр сарын 25-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Анхааруулахад, ЕБС төгсөгчид болон их, дээд сургууль, коллежид элсэгчид монгол хэл бичгийн шалгалт өгснөөр ЭЕШ өгөх эрхтэй болох ба 400-гаас доош оноо авбал дахин шалгалт өгөх юм. Уг шалгалтын бүртгэл нь өнөөдрөөс ирэх сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд шалгалтын бүртгэлийн дугаар, суудлын хуваарийг төгсч буй сургуулиараа дамжуулан авна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид зарласан хугацаанд www.eec.mn сайтаас хэвлэн авах боломжтой ажээ.

ЭЕШ-ын хураамжийн үнийн хувьд шалгалт тус бүр 5800 төгрөг бол батламж карт 700 төгрөг. Төгсөгчдийн тухайд, урьдчилсан тооцооллоор энэ жил 20 мянга гаруй сурагч төгсөж, өмнөх жилийн төгсөгчидтэй нийт 25 мянга гаруй шалгуулагч ЭЕШ-нд орох юм байна. Энэ жил нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс санууллаа.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ