"Исламын улс"-ын дараагийн заналхийлэл

Ойрхи Дорнодод төдийгүй олон улсад аюул занал учруулаад байгаа "Исламын улс" бүлэглэлийн Афганистан дахь жигүүрийн удирдагчийг америкчууд нисгэгчгүй онгоцны дайралтаар устгасан байна.

Мулла Абдул Раф гэгч энэхүү алан хядагч нь Афганистаны Талибан бүлэглэлийн удирдагчдын нэг бөгөөд сүүлийн үед "Исламын улс"-д өөрийн харьяанд байдаг жигүүрээ аван элссэн бөгөөд Ирак, Сири рүү дайчид илгээх ажлыг гардан зохион байгуулдаг байжээ.

Афганистаны Хелманд мужийн хууль сахиулах албаныхан НАТО-гийн нисгэгчгүй онгоцны довтолгооноор цөлд машинтай явсан зургаан хүн амиа алдсан бөгөөд тэд бүгд талибанууд байсан, тэдний дотор Мулла Абдул Раф байхыг таньсан хэмээн баталжээ.

"Исламын улс" бүлэглэлийн удирдагч Абу бакр аль Багдадигийн дотны хүн бөгөөд Афганистанаас цэрэг, зэвсгээр идэвхтэй дэмжигч Мулла Абдул Раф нь өмнө нь хамгийн их эрэн сурвалжлагдаж байсан хэт даврагсдын нэг бөгөөд улмаар америкчуудад олзлогдож Гуантанамо шоронд хүртэл хоригдож байсан юм.

Олон жил хоригдсоны эцэст Гуантанамо шоронгоос суллагдмагц Мулла Абдул Раф дахин Афганистанд очиж үйл хэргээ үргэлжлүүлэх болжээ. Тэгвэл Афганистан дахь зартай алан хядагч, "Исламын улс"-ын цэрэг зэвсэг бэлтгэн нийлүүлэгч амиа алдсан сургаар террористууд ээлжит заналхийллээ дэлгэж эхэлсэн байна.

"Исламын улс" бүлэглэлийнхэн Мулла Абдул Рафын өшөөг авна гэдгээ тангараглаад бидний дараагийн чөлөөлөх ариун газар бол Афганистаны уулархаг эх орон хэмээсэн байна. Энэхүү мэдэгдлээс нь улбаалаад олон улсын тоймчид "Исламын улс" Афганистанд үйл ажиллагаа шилжүүлж магадгүй хэмээн таамаглаж байна.

Учир нь Сири, Иракт хяналтад авсан газар нутгуудаа алдаж сүүлийн үед үүссэн нөхцөл байдлын улмаас (Сирийн онгоцууд өдөрт 10 гаруй удаа бөмбөгддөг, Йорданы агаарын цохилт маш хүчтэй болж эхэлсэн, удахгүй газар дээрх цэргийн ажиллагаа явагдаж болзошгүй) террорист, алан хядагч бүлэглэлийнхэн үйл ажиллагааныхаа цөмийг уул нуруу, хад хавцал ихтэй, партизаны дайн хийхэд нэн тохиромжтой нь эртнээс батлагдсаар ирсэн Афганистан руу шилжүүлэх нь гарцаагүй хэмээн таамаглаж байсан юм.

Тэгвэл Мулла Абдул Рафын үхлийн далимд "Исламын улс" дараагийн ээлжинд орогнох ар талаа бодож эхэлж магадгүй гэнэ.

Ер нь “Исламын улс” бүлэглэлийн ирээдүй удахгүй тун бүрхэг болж ирэх талаар шинжээчид бичиж эхэлж байна. Өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама зургаан сарын өмнө орхин гарсан Иракийн нутаг дэвсгэрт дахин цэргээ оруулж “Исламын улс”-ын эсрэг Ирак, Сири, Курдын цэргүүдтэй хамтран цэргийн ажиллагаа явуулах тухай зөвшөөрөл авахаар Конгресст хандана.

Конгресс хуурай замын цэргийн ажиллагааг дэмжсэн дэмжээгүй Барак Обамагийн засгийн газар агаарын цохилтоо зогсоохгүй, улмаар бусад эвслийн орнуудын агаарын цохилт ч илүү хүчтэй облж эхэлсэн, нэнэ ялангуяа Йорданы талаас.

Мөн Ирак, Сирийн засгийн газрын цэргүүд томоохон хэмжээний сөрөг давшилт хийж эзлэгдсэн нутгуудыг чөлөөлөхөөр зэхэж байгаа зэрэг нь хүчний харьцааг “Исламын улс”-ын эсрэг эргүүлж байгаа юм.

Тиймээс ирэх зун гэхэд “Исламын улс” Ирак, Сирид арчигдаж эхлэх юм. Тиймээс тэдний дараагийн дайны талбар Афганистан болох магадлал өндөр байна.

Тэдний зүгээс өмнө нь “хойд зүгт Чеченийн ахан дүүстээ туслаж Оросын дарлалаас Кавказыг чөлөөлнө” хэмээн мэдэгдэл гаргаад авсан. Чеченийн ерөнхийлөгч Кадыров энэ мэдэгдлийг тохуурхаж хүний ёсноос гажууд этгээдүүдээс бид эх орноо хамгаалахад бэлэн гэсэн юм.

Кавказын уулс руу “Исламын улс”-ын гар хүрэх нь юу л бол. Харин Афганистанд тэд нүүдэллэж амжвал өрнөдийнхнөөс холдож шар тивийнхэнд илүү аюул занал учруулах эрсдэлтэй.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ