Таксины жолоочийг хөнөөсөн этгээдүүд нь залуу хосууд байжээ

Энэ сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт таксины жолоочийг хөнөөсөн ноцтой хэрэг гарсан. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, гэмт хэрэгтнүүдийг 72 цагийн дотор Улиастайгаас баривчилсан юм. Улмаар тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, бусдын амь насыг санаатайгаар хөнөөсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

Хэргийг залуу хосууд үйлджээ

Таксины жолоочийн амь насанд залуу хосууд халджээ. Тодруулбал, 1990 оны эрэгтэй Э, 1993 оны эмэгтэй О нар үерхдэг байсан бөгөөд тухайн өдөр үүрийн 05.00 цагийн алдад такси барин Улаанчулуутын хогийн цэг рүү явсан байна. Улмаар буухдаа таксины жолоочтой маргалдан, хүзүүнд нь хутга тулган сүрдүүлсэн аж. Удалгүй хүзүүг нь хэрчиж, цээж хэвлийг нь мөн хүйтэн мэсээр гэмтээгээд машиныг нь аваад зугтжээ.

28 мянган төгрөгийг нь аваад Төв аймаг руу явжээ

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэжигтнүүдийг 2 сая төгрөг, гар утсын хамт авч зугтсан гэх мэдээлэл байгаа ч албаны эх сурвалж үгүйсгэлээ. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын явцад хэргээ хүлээж, таксины жолоочийн биед байсан 28 мянган төгрөгийг авсанаа хүлээсэн байна. Тэд уг мөнгөөр машинд нь бензин хийж, Төв аймаг руу хөдөлсөн гэнэ. Улмаар Төв аймгаас ирэх замдаа Налайхад машиныг нь үлдээсэн байна. Харин өөрсдөө Улиастайд нуугдаж байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүлсэн юм. Гэмт этгээдүүдийн хувьд хоорондоо үерхдэг залуу хосууд. Эрэгтэй Э нь удаа дараагийн үйлдэлтэй. Тэрбээр такси бариад улмаар таксины жолооч нарын хүзүүнд хутга тулган дээрэм хийдэг байснаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлжээ.

Б.Анир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ