Ё.Лхагвасүрэн: Занданшуулсан шарилын мэдээлэл өгсөн иргэн хамгаалалтад байгаа

Өнгөрсөн нэгдүгээр сард Сонгинохайрхан дүүргийн харьяат Э нь 200 гаруй жилийн настай занданшуулсан шарилыг хилээр гаргах гэж байгаад баригдсан билээ. Тэрбээр шарилыг гадаадад гаргаж, өндөр үнээр худалдах гэж байснаа мэдүүлсэн байна. Цагдаагийн байгууллагынхан уг занданшуулсан шарилыг шинжлүүлэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн бөгөөд тухайн үед бурханч лам Г.Пүрэвбат болон албаныхан очиж үзсэн байна. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт бурханч лам Г.Пүрэвбатаар ахлуулсан ажлын хэсгийнхэн энэхүү занданшуулсан шарилыг ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн их хувилгааны шавь Цорж Санжжавынх болохыг тогтоосноо хэлсэн. Цорж Санжжав нь 200 гаруй жилийн өмнө амьдарч байсан бөгөөд Гэсэр багшаасаа 25 насаар дүү байжээ. Гэсэр лам болон түүний шавь Цорж Санжжав нарын бунхан Архангай аймгийн Цахир сумын нутагт байрлах Содномдаржаа уулын оройд байдаг гэнэ.

Нийслэлээс хэн нь үл мэдэгдэх занданшуулсан шарил олдсон даруйд ажлын хэсгийнхэн Архангай аймгийг зорьжээ. Ингээд бунхан хадгалж буй ууланд очиход Гэсэр ламын шавь Цорж Санжжавын бунхан хөндөгдөж, шарил нь алга болсныг тогтоосон гэнэ. Хуулийн байгууллагынхан үзлэг шалгалт дууссаны дараа нутагт нь буцаан аваачиж, байсан газар нь тавихаар болсон гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Түүнчлэн занданшуулсан шарилыг одоогоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хадгалж байгаа аж. Эх сурвалжийн хэлж байгаагаар манай улсад занданшуулсан шарилыг хадгалах зориулалтын сав байдаггүй гэнэ. Үүнээс харахад зориулалтын хадгалах савгүй учир шарил муудах эрсдлийг дагуулж байгаа аж. Учир нь, тус шарилыг хүйтэн сэрүүн орчинд хадгалах ёстойг судлаачид хэлж байгаа юм. Энэ талаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс мэдээлэл авах гэтэл “Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Занданшуулсан шарилыг анх цагдаагийн байгууллагад ховор үнэт олдворыг хэсэг бүлэг иргэд зарах гэж байна гэсэн мэдээллийн өгсний дагуу шалгаж илрүүлсэн хэмээж байгаа. Сонгинохайрхан дүүргийн XХV хороо Хайрханы ХVII гудамжны айлаас олж, илрүүлсэн гэх мэдээлэл бий. Харин шарилыг зарах гэж байна гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад ямар иргэн өгсөн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Цагдаагийн байгууллагад занданшуулсан шарилыг зарах гэж байна гэх мэдээллийг ямар иргэн өгсөн юм бэ?

-Мэдээлэл өгсөн иргэнийг цагдаагийн байгууллага чандлан нууцлах үүрэг тэй. Мэдээлэл өгсөн иргэнийг хуулиараа хамгаалах ёстой. Гэрч, хохирогчийг хамгаалах үүрэгтэй Тахарын ерөнхий газар бий. Тэгэ хээр тус газар энэ хүнийг хамгаалж байгаа.

-Цагдаагийн байгууллага занданшуулсан шарилд шинжилгээ хийсэн гэх мэдээлэл гарах боллоо. Энэ үнэн үү?

-Түүхийн үнэт олдвор болох занданшуулсан шарилд цагдаагийн байгууллага шинжилгээ хийгээгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Фэйсбүүк болон твиттер, хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр ийм мэдээлэл гарах болсон. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хадгалуулахаар өгсөн.

-Хилээр гаргаж зарах гэж байсан этгээдүүдийг шалгаж байгаа юу?

-Зарах гэж байсныг нь нотолсон. Эзэн холбогдогчийг олж тогтоосон. Одоогоор хэргийг шалгаж байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ