Занданшсан шүтээнийг хөндсөн хүн сайнаа үзэхгүй

Он гармагц олон сонин зүйл монголчуудын сонорыг мялааж байгаагийн хамгийн гайхалтай нь занданшуулсан шарил Улаанбаатараас олдсон явдал байлаа.

Хүн бүрийг таалал төгсөхөд нь занданшуулж, бие цогцсыг нь шүтээн болгодоггүй тул, энэ ховор нандин зүйлийн учир жанцан нь ч төд удалгүй тайлагдаж муу хүмүүсийн гараас салсныг бид ойлгохтойгоо боллоо.

Бидний амьдран буй цаг үеэс 200 гаруй жилийн өмнө амьдарч байсан олон түмэнд “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн Цэвээн-Арашийн Чүлтэмжамц таалал хураахдаа шавь нартаа өөрийгөө шүтээн болгон бунхлахыг захиад, дотны гэсэн шавь нараа ч гэсэн өөрийг нь бунхалсан газрын хаана нь яаж онголохыг нарийвчлан зааж өгсөн аж. Тэдгээр дотны шавь нарын нэг нь өнөөгийн бидний занданшуулсан шарил хэмээн нэрийдээд байгаа ариун биеийн эзэн Цоржжав байжээ.

Гэсэр ламын ойрын шавь Цоржжав нь битүү хар хууз сахалтай, өндөр монхордуу хамартай, 180 см орчим өндөр биетэй хүн байжээ. Тэрээр 70 орчим настайдаа таалал хурсан болов уу гэмээр тэмдэгтэйг бурханч лам Г.Пүрэвбат саяхны хэвлэлд өгсөн яриандаа тэмдэглэсэн байна.

Цорж гэдэг нь номын богд, орон хийдийг даасан том мяндаг тушаалтан учир түүнийг таалал төгсмөгц шавь нар нь их багшийнх нь хэлсэн ёсоор мөн л шүтээн болгон занданшуулж. Ингээд Гэсэр ламын гэрээсэлсэн ёсоор үеийн үед ариун гэгээнтнүүд шүтээн болон Архангай аймгийн Цахир сумын нутагт байрлах Содномдаржаа уулын орой дахь бунханд заларч байсныг ашиг хонжоо хайгч хорон санаатнууд хөндсөн нь өнөөгийн бидний үед тохиолдсон энэ явдал ажгуу.

Ашиг хонжоо хайгч, бүлэг этгээдүүд занданшуулсан шүтээнийг бунхнаас нь хөндөж хулгайлан хил давуулахаар завдаж байсан. Аз болж сайн санаатай иргэд Сонгинохайрхан дүүргийн XХV хороо Хайрханы ХVII гудамжны нэг айлд занданшуулсан шарилыг хэсэг бүлэг иргэд зарах гэж байна гэсэн мэдээллийг цагдаагийн газарт өгчээ.

Ингээд цагдаа нар мэдээллийн дагуу шуурхай ажилласаны үр дүнд ямар ямар үйл явдал болж өнгөрснийг бид мэднэ. Шүтээнийг цагдаагийнхны гарт орсон даруйд бурханч лам Г.Пүрэвбат нар хэсэг шашны мэргэжилтнүүдийг Содномдаржаа ууланд илгээн бунхныг шалгуулсан боловч гэмт этгээдүүд ул мөрөө нарийн далдалсан байсан тул эхний ээлжинд анзаараагүй байна. Бүрэн бүтэн хөндөгдөөгүй байна хэмээсэн боловч мөрдөн байцаалтын явцад Гэсэр ламын ойрын шавь Цоржжавын занданшуулсан шүтээн болохыг мэдэж авч дахин шалгахад үнэн болох нь батлагдсан байна. Мөн гэмт этгээдүүд Гэсэр ламын бунхныг ч ухсан байх магадлалтай тул шалгаж үзэхэд гаднаасаа бүрэн бүтэн болох нь батлагджээ. Гэсэн хэдий ч уян зөөлөн камер оруулж тандалт хийж үзэх хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулж байгаа аж.

Ямар хүмүүс энэ хэргийг үйлдсэн, хэдэн төгрөгөөр аль улсад хэн гэгчид худалдах гэж байсан, яаж хил давуулах гэж байсан гэх мэт өч төчнөөн асуулт гарч ирэх боловч одоогоор хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа тул цагдаа нар болоод холбогдох хүмүүс нь мэдээллүүдийг өгөхгүй байгаа.

Гэсэн хэдий ч энэ хэргийн ард ганц нэг хүн байгаа биш, бүхэл бүтэн бүлэг этгээдүүд ажилласан нь тодорхой юм. Тэр бүлэг этгээдүүд иймэрхүү шашин бурханы ховор нандин шүтээний талаар их мэдлэгтэй байж таарах бөгөөд гадныхантай ч холбоо сүлбээтэй байсан нь гарцаагүй. Учир нь занданшуулсан шүтээнийг хулгайлж Монголдоо ямар нэг байдлаар ашиглах боломжгүй тул гадаад дахь худалдан авагчаа олсон нөхцөлд ийм хэргийг үйлдэх магадлалтай. Үүний зэрэгцээ бүлэг гэмт этгээдүүдийн ард хэн ч байж магадгүй тул цагдаа нарт мэдээлэл өгсөн сайн санаат иргэнийг Тахарын алба хамгаалалтад аваад байгаа аж.

Ариун нандин шүтээнийг хөндөх нь эргээд тэр хүнд ямар ч сайн зүйлийг авчрахгүй гэдгийг энэ хэргээр дамжуулан хүмүүс мэдэж авах нь хамгийн гол зүйл.

Эндээс үеийн үед бүү хөдөлгөөрэй хэмээн гэрээсэлсэн Гэсэр лам олон үе дамжин муу юмыг хариулж, даахын тулд шарилаа зориуд тэнд орхисон гэнэ.

Гэтэл байрлалыг нь хүртэл нарийн зааж оршоосон шавийнх нь занданшуулсан шүтээнийг хөндөж хулгайлна гэдэг нь Гэсэр ламын бунхныг хөндсөнөөс ялгаагүйд тооцогдоно. Тиймээс шүтээнд бузар гараар хүрсэн этгээдүүд ийнхүү сайнаа үзэлгүй хуулийнхны гарт орсон нь энэ ажгуу.

Энэ тухай бурханч лам Г.Пүрэвбат “Олон муу зүйлийг хариулдаг. Бурхан бодитоор оршиж байгаа юм шиг байгаа орон газраа хариу нөлөө үзүүлдэг. Богдуудыг чандарлахгүйгээр хатааж байна шүү дээ. Биеийг муутгахгүй, ариун болгоод шүтэхэд мэдээж сэтгэл нь зохих хэмжээнд хөгжлийг олоод өндөр түвшинд хүрч байгаа.

Тэр хүн өнгөрсөн ч гэсэн үлдсэн цогцсоор нь дамжуулан ариун санаа, оюун сэтгэл, адислалтай холбоотой байж ач тусыг нь авахад нөлөөтэй, түмэнд тустай надин шүтээн болгодог учраас тусгайлан тахидаг. Энийг ямар нэгэн муу сэтгэлээр, янз бүрийн байдлаар харьцаж гар хүрэхэд ёс буруу. Шавь нь багшийнхаа хажууд, багшдаа нөмөр нөөлөг болж, учир, бодлоготойгоор ерөөл тавьж тэндээ бунхлуусан байгаа. Тиймээс тэнд нь буцааж аваачих ёстой.

Энэ тухай Монгол орон даяар, олноороо мэддэг болчихлоо. Занданшуулсан шүтээн биеийг сүм барьж оршоодог. Тийм журмаар хамгаалалттай оршоогоод, эзэнтэй болгоод олон нийт мөргөж байхад зохимжтой сайн сайхан болгочих хэрэгтэй. Шашин дахин сэргэж байна. Өөрөө зан үйлтэй, уламжлалтай учраас ямар нэгэн сэтгэл зовиноод байх асуудалгүй. Зөв гартаа ороод ирлээ. Одоо ерөөл тавиад бүгд сайн сайхан болоосой гэж бодох хэрэгтэй” хэмээн хуучилсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ