Изабелл Маффат: Боксын Монгол улсын аваргаас мөнгөн медаль авчихна гэж бодоогүй
Өөрийн хоббигоор боксоор дөрөвхөн сар хичээллэсэн ч Монголын боксын улсын аваргын энэ жилийн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн, “Ширэн бээлий” клубын тамирчин Изабелл Маффат бүсгүйг энэ удаагийнхаа Хобби буландаа урилаа.
2015 оны Боксын улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Изабеллтэй ярилцсанаа хүргэе.
-Та өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?
-Намайг Изабелл Маффат гэдэг. Одоо 27 настай. Би Монголд ирээд хоёр жил болж байна. Ирэхээсээ өмнө Францын Инженерийн сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд Францад хэдэн жил ажилласан. Гадагшаа явж мэргэжлийнхээ дагуу шинэ туршлага хуримтлуулахаар шийдсэнээр би 2013 онд Монголд анх ирсэн. Одоо Шинжлэх ухааны академийн “Гео физикийн судалгааны төв”-д инженерээр ажилладаг.

-Та боксоор хэдэн жил хичээллэж байна вэ?
-Би Францад байхдаа тулааны урлагаар огтхон ч хичээллэж байгаагүй. Харин гимнастик, сагсанбөмбөг, гар бөмбөг, усанд сэлэлтээр бага зэрэг хичээллэж байсан.
Харин боксоор хичээллэхийг маш их хүсдэг байлаа. Дунд сургуулийн найз нөхөд маань “чи боксчин болох хүсэлтэй байдгаа дандаа ярьдаг байсныг чинь сайн санаж байна” гэж одоо хэлдэг юм. Би өмнө нь боксын ямар нэгэн клуб болон тэмцээн уралдаанд орж байгаагүй. Эцэг эх маань миний сонголтыг зөвшөөрөхгүй байсан /инээв/. Бокс бол эмэгтэй хүнд хэцүү спорт, хамраа гэмтээхээс авахуулаад бэртэл авч магадгүй гэж хэлдэг байсан. Мэдээж л дээ, эмэгтэй хүн хамраа гэмтээвэл онцгүй харагдана. Гэсэн ч би энд ирээд өөрийн хүссэн зүйлээ хийсэн дээ /инээв/. Хоёр франц найз маань “Ширэн бээлий” клубт явдаг юм. Нэг өдөр тэднийг даган явж, бэлтгэл хийн өөрийгөө туршиж үзсэн. Тэгээд болмоор санагдаад бэлтгэл хийж эхэлсэн. Их хурд хүч гаргаж, хөдөлгөөн хийсний дараа хэчнээн ядарсан ч гэлээ маш сайхан мэдрэмж төрж, өөрийгөө бүрэн мэдэрдэг. Энэ яг л надад таарсан спорт. Би энэ спортыг сонгосондоо маш их сэтгэл хангалуун байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ